Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-19 18:03:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан. Ажлын багт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Л.Энх-Амгалан нар багтсан юм. Уг багийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.


Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт яам, агентлагуудад хангалтгүй байгаа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн удаа дараагийн хууль, тогтоолын төсөл, ажлын багийн зохион байгуулсан Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хэлэлцүүлгийн дүгнэлтээс харагдаж байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцлов. Түүнчлэн яамдаас танилцуулж буй хөтөлбөр, УИХ-д өргөн мэдүүлж буй тогтоолын төслөөс үзэхэд яамд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн шинээр бүрдсэн эрх зүйн орчноо мэдэхгүй байх, хуулийн хугацаатай баримт бичгийг өргөн мэдүүлэхгүй байх, хуучин хууль, эрх зүйн орчны хүрээнд баримт бичгээ боловсруулах зэрэг алдаа дутагдал гарч байгааг дурдлаа.


Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан. Гэвч, эдгээр баримт бичигт туссан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх төслүүдийг ямар бүтэцтэй, хэрхэн уялдуулж боловсруулах талаар салбар болон орон нутагт нэгдсэн ойлголт муутай байна. Иймд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн урт, дунд, богино хугацааны зорилго, зорилт, үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийн уялдаа холбоог хангах загварчлалын нэгдсэн систем, зураглалыг бий болгож, арга зүй, аргачлал, гарын авлага, программ хангамжаар холбогдох байгууллагуудыг ханган, үйл ажиллагаанд нь хэвшүүлэх шаардлагатай байгааг ажлын багийн ахлагч танилцуулгадаа онцлов. 


Түүнчлэн, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, мэдээллээ ангилан бүлэглэж, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг шинэчлэн баталсан хуульд нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн хэмжээнд шинээр батлагдсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн бүртгэл хөтлөх, түүнд үндэслэн хүлээгдэж буй бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдааг хангах шаардлагатай" гэлээ.


Мөн ажлын багийн санал, дүгнэлтэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн институтийн статус, чиг үүргийг нь оновчтой зохион байгуулж, төсөв, санхүүгийн бусад тогтолцоотой хэрхэн уялдуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг тодорхойлох талаарх бүрэн зураглал гаргахыг Засгийн газарт даалгах нь зүйтэй гэжээ. Улмаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хамрах хүрээг маргаангүй тогтоох, таюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлоготой холбоотой зарим тодорхой асуудал нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зохицуулалтад хамрах эсэхийг тодорхойлох шаардлага ч үүсэж байгааг дурдсан.


Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Амарсайхан, Ж.Ганбаатар, Г.Занданшатар, Н.Энхболд нар асуулт асууж, санал хэллээ. 


УИХ-ын гишүүд Үндэсний хөгжлийн газраас “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах журам” баталсан байхад дахин тогтоол боловсруулах шаардлагатай эсэхийг лавлаж байлаа.


УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч С.Бямбацогт, "Монгол төр өөрийн хөгжлийн бодлоготой, тэр нь тогтвортой, залгамж чанартай, урт дунд богино хугацааны зорилтуудтайгаа уялдаатай байх ёстой талаар 2010 оноос хойш ярьж байна. Нааштай ахиц дэвшил байгаа ч санаанд хүрсэн үр дүн гарахгүй байгаа тул УИХ-аас ажлын баг байгуулсан. Тогтоолын төслийг баталснаар салбарын яам байгуулна. Өмнө Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам байгуулахаар тусгасан ч хасагдсан. Бидний гол зорилго үр дүн гаргах, хууль биелүүлдэг болтол нь шахаж  ажиллана" гэлээ.


Ингээд  уг тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-д танилцуулахаар тогтов. Төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Холбоотой мэдээ