Шадар сайд Я.Содбаатар АХБ-ны удирдлагатай цахимаар уулзав

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-01-19 18:14:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандрантай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар 2021-2024 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Өнгөрсөн 28 жилийн хугацаанд АХБ нь Монгол Улсад нийт 3.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийжээ. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбарт бодит үр дүн үзүүлж ирсэн. “COVID-19” цар тахал гарсантай холбогдуулан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 158.8 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламжийн 6 төсөл, хөтөлбөрийг цаг алдалгүй, түргэн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэнд Шадар сайд талархал илэрхийллээ.


Цаашид нийгэм, эдийн засгийн байдал болон коронавирусний үед авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, эдийн засгийг сэргээх, Монгол Улсын Шадар сайдын харьяа агентлагуудад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрт саналаа хүргүүлж, харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэн ажиллах чиглэлд хамтран ажиллах талаар санал нэгдэн идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн талаар Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ