Шатар сонирхогчдын УАШТ-ий шилдгүүд бямба гарагт тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-21 12:17:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатар сонирхогчдын Монгол Улсын аварга шалгаруулах Анхдугаар онлайн тэмцээн энэ жил 9 дэх удаагаа цахимаар болж хагас шигшээ шатны тэмцээний шилдгүүд тодорсон.


Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ангилалд нээлттэй зохион байгуулсан нь шатар сонирхогчдыг илүү олноор нь гэрээсээ цахимаар шатар тоглох боломж олгосон гэдгээрээ онцлогтой болж байна.


Монголын Шатрын Холбооны 2020 оны нэгдүгээр сараас хойших сүүлийн 1 жилийн хугацаанд нийтлэгдсэн дотоод чансаагаар эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас ихгүй дотоод чансаатай, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид www.lichess.org цахим сайтад бүртгүүлж, байнгын камерын хяналтан дор цахимаар гэр гэрээсээ оролцлоо.



Монгол Улс даяар нэгэн зэрэг эхэлсэн уг тэмцээний хагас шигшээ шатанд нийслэлийн 9 дүүргийн 4 бүсэд 182, 21 аймгийн 4 бүсэд 178, нийт 360 шатар сонирхогчид уг тэмцээнд цахимаар оролцож, оюун ухаанаа сорив. Ийнхүү хагас шигшээ шатны тэмцээнээс нийслэл, аймгуудын бүс тус бүрээс эхний 5 байрт шалгарсан 40 шатарчин тодорлоо.



Мөн УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрладаг бусад төрийн байгууллагуудаас урилгаар 24 хүртэлх шатарчин оролцож нэгдүгээр сарын 23-ны өдөр үргэлжлэх шигшээ шатны Швейцар системийн найман өргийн тэмцээнд тоглож аваргаа тодруулна.



Эмэгтэй ангиллын хувьд эмэгтэй шатар сонирхогчид шууд шигшээ шатны тэмцээндээ оролцож, аваргууд нэгдүгээр сарын 23-ны өдөр, эрэгтэй ангиллын тэмцээнтэй зэрэг зохион байгуулагдах шигшээ шатны тэмцээнээс тодорно.


Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангиллын эхний гурван байр эзэлсэн шатарчдад УИХ-ын даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал, мөн ангилал тус бүрт түрүү байр эзэлсэн ахмад шатарчид, дотоод чансаагаар эрэгтэй 1800, эмэгтэй 1600 хүртэлх болон чансаагүй шатарчин, оюунлаг түшээ нарт УИХ-ын Тамгын газрын нэрэмжит өргөмжлөл, тусгай шагнал олгох юм байна.

Холбоотой мэдээ