Г.Тэмүүлэн: Тэтгэврийн шимтгэлийг нөхөн төлүүлэх хуульд тэтгэвэр тогтоолгоогүй 15-61 насны иргэн хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-22 15:50:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилж өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.


УИХ-ын чуулганы 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталж, 2019 онд уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Улмаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон.


Гэвч нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр дээрх хуульд хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, нийтдээ 17.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.


Дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнес доголдон орлого багасаж, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод байгаа. Түүнчлэн Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай УИХ-ын 2020 оны 36 дугаар тогтоолд, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай заасан. Иймд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.


УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 20-ны хуралдаанаар, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.


Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, хуулийн төслийг анх батлуулсан хэмээн тодотгож, хэрэгжилтийг хангах асуудлыг анхаарах нь чухал гэдгийг сануулав. Хуулийн хугацааг хойшлуулах асуудлаас хамгийн чухал нь шимтгэлийн хувь хэмжээ хэмээн тодотгов. Иргэн тухайн жилийн буюу 2020 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээтэй хэмээн заасныг тэмдэглэж, сард 42 мянган төгрөг, жилд 500 мянган төгрөг, гурван жилд 1.5, зургаан жилд 3 сая төгрөгийн шимтгэл төлөхөөр байгааг дурдав. Харин иргэд нөхөж авах тухайн жилийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авах саналтай байгааг онцоллоо. Тухайлбал, 2000-2005 оны таван жилийн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний шимтгэлийг төлж авах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.


Гишүүд, хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатай онцолж өмнө нь хууль хангалттай хэрэгжээгүй шалтгааныг тодруулж байв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Хууль хэрэгжих нь удаашралтай байсан нь нэг талаар хуулийг таниулж сурталчлах ажлыг сайн хийгээгүй, нөгөө талаар хуулийн хугацааг сунгасан 12 сараас есөн сард нь цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байсан зэрэг нь голлож нөлөөлсөн гэж үзэж буйгаа хэлэв. 


УИХ-ын гишүүн С.Одонтуяа, хуулийн төслийг дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ Б.Пүрэвдорж гишүүний өргөн барьсан ижил хуультай нэгтгэн хэлэлцэх саналаа илэрхийлэв. Тэрээр, тэтгэвэр тогтоолгосон хүн хуулийн төсөлд хамрагдах эсэх, мөн хамрах насны хязгаарыг тодруулав. Түүнчлэн, эрт тэтгэвэр тогтоолгосон дөрвөн хүүхэдтэй ээжүүд хамрагдаж болох эсэх, хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу нэг гишүүнтэй хувийн компанид ажиллаж байсан хүн хамрагдах боломжтой эсэхийг лавлалаа. 


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр настны тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй 15-61 насны иргэн хамрагдана гэж заасныг хариултдаа онцоллоо. Өөрөөр хэлбэл, огт тэтгэвэр тогтоолгож байгаагүй иргэн хамрагдана гэж тайлбарлав. Ингэхдээ, 1995-2019 онд малчнаар ажилласан буюу А данстай байсан хугацааг, эсвэл тухайн оршин суугаа орон нутгийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэнэ гэлээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн татвар төлсөн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхээр заасан хэмээн тодотгов. Тодруулбал, хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу дангаараа болон бусадтай нийлж аж ахуй эрхлэхээр татварын албанд бүртгүүлж бизнесдээ нөлөөлөх шийдвэрийг хараат бусаар бие даан гаргадаг иргэн хамрагдана гэж тайлбарлав.


Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ