Трансжендэр хүмүүсийг АНУ-ын армид алба хаахыг хориглох шийдвэрийг цуцалжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-01-26 10:50:49

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден трансжендэр хүмүүсийг тус улсын Зэвсэгт хүчинд алба хаахыг хориглох тухай Дональд Трампын шийдвэрийг цуцалжээ.


"Ерөнхийлөгч Байден шаардлага хангасан америк хүн бүр АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хааж болно гэсэн бодлогыг тодорхойлсон гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурлаа" гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Байден "хүйс нь цэргийн алба хаахад саад болох ёсгүй бөгөөд Америкийн хүч чадал олон талт байдалд оршино гэж үзэж байна" гэж мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. 


Дональд Трамп Цагаан ордонд ирснийхээ дараахан трансжендэр хүмүүсийг Америкийн армид ямар нэгэн албан тушаал хашихыг хориглосон юм. 2019 онд АНУ-ын Батлан ​​хамгаалах яам трансжендэр хүмүүсийн ихэнхийг АНУ-ын армид алба хаахыг хориглосон удирдамжид гарын үсэг зуржээ. Удирдамжид АНУ-ын армид татагдаж буй аливаа трансжендэр хүн зөвхөн төрөх үед нь заасан хүйсээр цэргийн алба хаана гэж заасан байна.


АНУ-ын армид трансжендэрүүдийг алба хаахыг хориглох тухай шийдвэрийг Барак Обамагийн засаг захиргаа хүчингүй болгож байсан юм. Уг хоригийг 2016 оны зургаадугаар сарын 30-наас эхлэн хүчингүй болгосноор трансжендэрүүд цэргийн албанд татагдаж эхэлжээ.


"CNN" агентлагийн мэдээлснээр, даваа гаргийн өглөө зарлигт гарын үсэг зурсны дараа Жо Байден, Камала Харрис нар Пентагоны шинэ тэргүүн Ллойд Остинтой уулзжээ.  


Холбоотой мэдээ