Сүхбаатар аймгийн шилдэг уншигчийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-26 15:31:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн идэвхтэй уншигчдыг дэмжих, сурталчлан таниулах, нийгэмд номын ач холбогдлыг ойлгуулж, номтой нөхөрлүүлэх замаар иргэд, хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд нөлөөлөх, хандлагыг өөрчлөх зорилго бүхий аймгийн шилдэг уншигчийг шалгаруулах "Судар эгшиглэн" төсөл хэрэгжиж эхэллээ.

Төслийн хүрээнд есөн сарын хугацаанд хоёр үе шаттай хэрэгжих уралдаанд бүх насны уншигч хамрагдах боломжтой.

Техник технологи хөгжихийн хэрээр ном унших иргэд, хүүхэд залуусын тоо цөөрч тэдний үг яриа, сэтгэлгээ, бичгийн чадварт нөлөөлж буйтай холбоотойгоор бүх нийтийг номтой нөхөрлүүлэх, номд шимтэхийн ач холбогдол, үнэ цэнд уриалан дуудах, номоор дамжуулж өөрийн ертөнцөө бүтээхэд нь туслах, дэмжих зэрэг үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах хэрэгцээ шаардлага зайлшгүй үүссэн. Тиймээс улсын хэжмээнд болдог уралдаанаас санаа аваад орон нутагтаа хийхээр төлөвлөсөн. Хамгийн гол нь төсвөө шийдэх асуудал байсан. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Ганибалд анх төслийн санаагаа танилцуулахад маш сайхан дэмжиж, ивээн тэтгэхээр болсон. Төслийн хүрээнд зохион байгуулах уралдааны бэлтгэл ажил хангагдсан. Бид багаа ч бүрдүүлсэн гэж аймгийн Нийтийн номын сангийн номын санч В.Энхтуяа хэллээ.

Нэгдүгээр шатанд оролцогчид өөрийн гэрийн болон албан байгууллагынхаа номын сангийн видео танилцуулгыг гурван минутад багтаан хийнэ. Үүнийг 3 дугаар сарын 1 хүртэл хүлээн авах юм. Харин хоёрдугаар шатанд хүүхэд, том хүн тус бүр 15 ном уншиж, тэмдэглэл хөтлөх ёстой. Уг тэмдэглэлийг 11 дүгээр сарын 15 гэхэд зохион байгуулах комисст хүлээлгэн өгсөн байх шаардлагатай. Улмаар тусгай шүүгчид шалгаруулалтыг хийж, ангилал тус бүрт эхний гурван байрыг шалгаруулах юм.

 

Холбоотой мэдээ