Энэтхэгийн эрх баригчид Хятадын хавсралтуудыг бүрмөсөн хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-26 15:09:38

ШИНЭ ДЕЛИ. /Times of Indiа/. Энэтхэгийн Засгийн газар Хятадын гар утасны хавсралтуудын /аппликейшн/ эсрэг авсан арга хэмжээгээ чангатгаж, “TikTok”, “Baidu”, “WeChat” зэрэг хавсралтуудыг бүрмөсөн хоригложээ.


Энэтхэгийн Электроник, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр, үйл ажиллагааг нь бүрмөсөн хориглож байгаа тухай албан ёсны мэдэгдлийг Хятадын 59 хавсралтад өнгөрсөн долоо хоногт хүргүүлжээ.


“Энэтхэгийн бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, мөн төрийн аюулгүй байдал, нийгмийн дэг журамд хохирол учруулсан үйл ажиллагаа явуулсантай холбогдуулан Хятадын хавсралтуудад арга хэмжээ авсан” гэж тус яам мэдээлсэн байна. Түүнчлэн эдгээр хавсралтуудын мэдээлэл цуглуулах, боловсруулах аргын талаарх, мөн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах тухай Энэтхэгийн талын холбогдох хүсэлтийг Хятадын компаниуд хүлээж авахаас дургүйцсэн тул хоригложээ. Энэтхэгийн эрх баригчид Мэдээллийн технологийн тухай хуульд үндэслэн Хятадын хавсралтуудыг хориглосон байна.


Бүрмөсөн хориглох шийдвэрийг “Android” болон “iOS” үйлдлийн систем дэмждэг Хятадын гар утасны зарим программууд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зүй бусаар ашигласантай холбоотой олон гомдлын дагуу гаргасан байна. Тухайлбал, зарим программ гар утас эзэмшигчдээс хувийн мэдээллийг цуглуулж, дараа нь Энэтхэгийн гадна байрлах серверүүд рүү дамжуулдаг гэх гомдол мэдүүлжээ.


Хориглосон бүх хавсралт өмнө нь Энэтхэгийн эрх баригчдын хоригт өртөж байсан юм. Энэтхэгийн эрх баригчид өнгөрсөн оны зургаадугаар сард “TikTok”, “Baidu Search”, “Weibo” зэрэг Хятадын 100 хавсралтыг түр хугацаагаар хааж, өөр 167 программыг шалгаж эхэлсэн юм.


Энэ удаад Зүүн Ладакх мужид Энэтхэг, Хятадын хооронд цэргийн сөргөлдөөн дахин хурцдаад байгаа үед Хятадын аппликейшнуудыг хоригложээ.


Холбоотой мэдээ