Уурхайн ажилчдын шинжилгээ өгөх цэгийг хуваарилна

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-01-28 14:46:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ уурхайн ажилчдыг ээлж солих хугацаанд нь тохируулан PCR шинжилгээг тухай бүрт нь хийлгэх нөхцөл бүрдүүлж, аж ахуйн нэгжүүдийг шинжилгээний цэгүүдэд хуваарилахаар НЭМГ-тай тохиров.


Ингэснээр шинжилгээний цэгүүдийн ачаалал, орон нутгаас ээлжинд гарах ажилчдын нөхцөл байдлыг харгалзан цаашид цар тахлын голомтот Улаанбаатар хотоос ээлжинд гарах ажилчдын шинжилгээг хялбар дөхөм авах боломж бүрдэх юм.


Уурхайнууд ээлж солих хугацаа, давтамж, ээлжинд гарах болон буух ажилчдын тоо, өөрийн үйл ажиллагааны туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, харуул хамгаалалт, тээвэрлэгч, катеринг үйлчилгээ, засвар үйлчилгээний гэрээт аж ахуйн нэгжийн жагсаалтыг хавсралт маягтын дагуу гаргаж, албан хүсэлтийн хамт энэ сарын 30-ны дотор otgonbayar345@gmail.comхаягаар илгээнэ.


Түүнчлэн, гэрээгээр хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд уурхайн удирдлагад хандаж, уурхайгаас ирүүлэх жагсаалтад хамрагдана. Хуваарь бүхий шинжилгээний цэгт ажилчдынхаа шинжилгээ өгснөөр уурхайтай байгуулсан гэрээг нь үндэслэн орон нутагт зорчихыг зөвшөөрөх аж.


Иймд уурхайн үйл ажиллагаанд хамтрагч аж ахуйн нэгжүүд гэрээт уурхайнхаа ажилчдын ээлж солих хугацаа, давтамжтай үйл ажиллагаагаа уялдуулж, нэгдсэн зохион байгуултаар ажиллахыг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штаб зөвлөлөө. 

Холбоотой мэдээ