Нутаг дэвсгэрийн нэгжийн хуульд тавьсан хоригийн хоёр заалтыг зөвшөөрөв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-28 18:19:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав. 


Ерөнхийлөгчийн хориг тавих үндэслэлийг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцууллаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар төрийн босоо тогтолцоог Засгийн газарт бий болгосон. Тодруулбал, хуулийн заалтад, Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг дарга нь өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Засаг даргыг огцруулахаар тусгасан. Энэ нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн аймаг, дүүргийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд огцруулах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн сонгох эрхэд ноцтой халдаж байна гэж Ерөнхийлөгч үзсэн хэмээн ЕТГ-ын дарга Ө.Шижир онцоллоо. Орон нутгийн сонгуулиар  харилцан адилгүй  үр дүн гарсан бол Ерөнхий сайд тухайн орон нутгийн сонгуулийн үр дүнг өөрийн хүссэнээр өөрчлөх, Засаг даргыг огцруулах, сахилгын шийтгэл оноох хүртэл эрх мэдэлтэй болж буйг тэмдэглэжээ.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэн бол хориг тавьсан бусад асуудлыг хүлээн авахыг дэмжээгүй талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Амарсайхан танилцууллаа.


Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ц.Туваан нар асууж тодруулсан бол хоригийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Н.Ганибал, Ц.Туваан, Д.Тогтохсүрэн нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болон ажлын хэсгийн зарим гишүүн хариулт өгсөн юм. Мөн хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Энхбайгаль, Я.Санжмятав, холбогдох албан тушаалтнууд зарим асуултад хариулт, тайлбар өгөв. 


Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоригийн зүйл, заалт бүрээр санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Байнгын хорооны саналыг дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг тус тус хүлээн зөвшөөрөв. Харин уг хуулийн бусад зүйл, заалт болон дагалдаж батлагдсан хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.


Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.1-т "иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг тухайн Хуралд санал болгож болно;


56.8. Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар өөр хүний нэрийг дэвшүүлнэ" гэж заажээ.

Холбоотой мэдээ