Бага масстай оддын эргэн тойронд гараг үүсдэг эсэхийг анх удаа нарийвчлан судалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЕРЛИН. /TASS/. Одон орон судлаачид нарнаас 5-10 дахин бага масстай оддын эргэн тойронд гараг хэрхэн үүсдэгийг анх удаа нарийвчлан судалжээ. Эрдэмтдийн судалгааны талаарх нийтлэл “Astronomy & Astrophysics” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Орчин үеийн шинжлэх ухаанд шинээр үүссэн оддын эргэн тойрон дахь хийн тоосонцор дискэнд гараг үүсэх процессын талаар маш бага судлагджээ. Учир нь ийм объектууд маш бүдэг байдаг учраас асар хүчин чадалтай телескопоор ч олж харахад хэцүү байдаг ажээ.
Ийм төрлийн анхны мэдээллийг Германы Макс Планкийн нэрэмжит Нийгэмлэгийн Одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Николас Куртович тэргүүтэй эрдэмтэд хүлээж авсан байна. Тэд Үхрийн ордноос саяхан нээсэн маш бага масстай, залуу зургаан одыг тойрон хүрээлсэн нягт хийн дискнүүдийг ажиглажээ.
Эдгээр одод сүүлийн 2-3 сая жилд үүсэн бий болсон учир эргэн тойронд нь хий, тоосонцроос бүрдсэн хавтгай дискнүүд байсаар байгаа бөгөөд онолын хувьд дотор нь гараг үүсэх боломжтой байна. Одон орон судлаачид тэдгээрийн дотор гараг үүсэн бий болсон эсэхийг богино долгионы ALMA телескопын тусламжтайгаар илрүүлэхийг оролджээ. Эрдэмтэд дискэн дотор тоосонцрын хэсгүүд хэрхэн хөдөлж байгааг, концентрациуд нь ямар ялгаатай байгааг ажигласан байна.
Ингээд гурван дискэн дотроос ихэвчлэн гараг үүсэх сүүлчийн үе шатанд тохиолддог тоосонцор, хийн нягтшил нь багассан цагиргууд илрүүлжээ. Эрдэмтдийн тооцоолсноор тэдгээрийн зарим нь хэмжээгээрээ Санчир эсвэл том оддын ойролцоогоос нээсэн аварга том хийн гаргуудтай адил аж.
Одон орон судлаачид ийм бүтэц хэрхэн үүссэнийг одоогоор тодорхой хэлж чадахгүй байна. Гэхдээ энэ үйл явц хэдэн зуун мянган жилд маш хурдан үргэлжилдэг гэж үзэж байгаа аж. Учир нь жижиг оддын дискнүүдийн тоосонцрууд шинээр үүссэн оддын цацраг туяагаар хурдан устдаг байна.
Ийм объектуудыг цаашид судалснаар одон орон судлаачид Сүүн зам дахь хамгийн түгээмэл одод болох улаан одой оддын эргэн тойронд хэр олон гараг үүсдэгийг судлахад тус дөхөм болно гэж Куртович болон түүний багийнхан найдаж байна.