Баянтоорой тосгон 24 цагийн найдвартай цахилгаан эрчим хүчинд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-30 10:21:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон 24 цагийн найдвартай цахилгаан эрчим хүчинд холбогдлоо. 


Энэхүү ажлыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 2016-2020 онд Говь-Алтай аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөндөө оруулсан бөгөөд 2019 онд шавыг нь тавьсан ажээ. Уг бүтээн байгуулалтын ажлыг "G Power" ХХК улсын төсвийн 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэсэн байна. 

Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлыг "Алтай-Улиастайн ЭХС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганзориг мэргэжлийн багийнхны хамтаар хянаж шалган хүлээн авчээ. “Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганзориг: “Дизель станцтай байсан Баянтоорой тосгонд төвийн эрчим хүч болон нарны цахилгаан станцын өргөтгөлийг нэмж суурилуулснаар ийнхүү байнгын эрчим хүчээр хангагдаж эхэллээ. Үүний зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ Цогт сум болон төвийн шугам руу нийлүүлэх бүрэн боломжтой болоод байна” хэмээн онцлон танилцууллаа. 

Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймгийн эрчим хүчээр хангагдаагүй Чандмань сумын Хүрхрээ баг, Халиун сумын Олон булаг, Цогт сумын Баянтоорой тосгон гэх  мэт хөдөөгийн багийн төвийг эрчим хүчинд холбож, алслагдсан нутагт амьдарч буй ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломж бүрдсээр байгаа билээ.  


Холбоотой мэдээ