Төслүүдийг дэмжих вэбсайт нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-07 15:48:50

Өмнөговь аймагт төслүүдийг дэмжих түншлэлийн "www.dglproject.com" вэбсайт байгууллаа. Тус вэбсайтыг “Галтууд” ХХК-ийн удирдлагууд анх санаачилсан байна. Тэрээр гурван жилийн өмнөөс энэхүү вэбсайтыг байгуулахаар судалгаа хийж эхэлжээ. Улмаар Эйнштэйн Софт ХХК-ийн залуустай холбогдож төлөвлөж явсан ажлаа өнөөдөр ийнхүү ажил болголоо.

6 дугаар сарын 20 хүртэл тус вэбсайтад гишүүнээр элсэх нь үнэ төлбөргүй байх юм. "Хай, түншил, зорилгодоо хүр" гэсэн уриатайгаар энэ вэбсайт ажиллана. Хамгийн давуу тал нь төсөл хэрэгжүүлэгч болон, төсөл санхүүжүүлэгч нарыг холбож өгөх гүүр нь болох юм. Мөн "Шинийг санаачлагч, хэрэгжүүлэгч нарыг холбож өгнө" гэж Эйнштэйн Софт ХХК-ийн менежер Г.Бөхбилэг ярилаа. Тус вэбсайтанд хандсан таны төсөл дэлхийн 67 орны хэл дээр орчуулагдах боломжтой ажээ.

"Залуу үеэ дэмжих гол зорилгоор энэхүү вэбсайтаа байгуулж байна. Цаг хугацаа, орон зайг үл хамааран үйл ажиллагаагаа явуулах боломжтой цаг үед бид амьдарч байгаагаа ашиглах хэрэгтэй. Зөвхөн бизнесийнхэнээс гадна сайн дурын ажлыг ч энд дэмжих, төслөө дэмжүүлэх боломжийг нээж өгч байгаа" гэж "Галтууд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэг ярьсан юм. 

Энэхүү шинээр байгуулж байгаа вэбсайтынхаа нээж буй боломжийг урьдчилан төлөвлөж харахад Монгол Улсад 10 мянган ажлын байрыг шинээр бий болгох боломжтой байгаа гэнэ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ