Эмч нарт зориулж хандив цуглуулсан ахмад дайчин эмнэлэгт хүргэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. Их
Британийн Үндэсний эрүүл мэндийн газарт коронавирустэй тэмцэхэд нь зориулж 33 сая фунт стерлингийн хандив цуглуулсан Дэлхийн
хоёрдугаар дайны ахмад дайчин Том Мур коронавирусний халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгджээ.
Их хэмжээний хандив цуглуулсныг нь үнэлэн түүнд
төрийн дээд шагналуудын нэг болох баатар цол олгож байсан юм.
Том Мурын амьсгал нь давчдаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай түүний охин Ханна
Инграм-Мур “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Том Мур хэдэн долоо хоногийн өмнө
уушгины хатгалгаатай хэмээн оношлогдож, өнгөрсөн долоо хоногт коронавирусний
шинжилгээний хариу нь эерэг гарсан байна.
Үүнтэй холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэхдээ “Та бидэнд урам зориг хайрласан
бөгөөд одоо бүх хүн таньд эрүүл энхийг хүсэж байгаа гэдгийг мэдэж байна” гэжээ.