Казинформ агентлагийн 105 жилийн ой тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-08-13 17:09:21

АСТАНА, 2025 оны наймдугаар сарын 13 /Kazinform/. Казахстаны хамгийн ууган бөгөөд шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага болох Казинформ агентлаг 105 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тус агентлаг 100 гаруй жилийн турш Казахстаны болон дэлхийн өнцөг булан бүр дэх үзэгчдийн хувьд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, соёлын урлагийн мэдээллийн найдвартай эх сурвалж байсаар ирсэн юм. Энэ өдрийг тохиолдуулан тус агентлагийн арвин түүхийг товч тоймлон хүргэж байна. 


1920 оны наймдугаар сарын 13-нд Оросын Цахилгаан мэдээний агентлагийн Оренбург-Тургай дахь салбар үүд хаалгаа нээснээр Казинформын түүх эхэлжээ. 1925 онд КазРОСТ нэртэй болж, 1937 он гэхэд КазТАГ нэртэйгээр ажиллаж эхэлсэн байна. 1992 онд КазТАГ нь Казахстан улсын мэдээллийн агентлаг болж, 1997 онд Бүгд найрамдах улсын Казах мэдээллийн агентлаг /КазААГ/ болж өөрчлөгджээ. 


2000-аад оны эхэн үеэр өөрчлөлт шинэчлэлт үргэлжилж, 2002 онд тус агентлаг нь Казинформ үндэсний компани болж, 2004 онд КазАкпарат хэмээх казах нэртэй болжээ. Олон жилийн турш Казинформ нь Харилцаа холбоо, мэдээллийн яам, Үндэсний мэдээллийн Арна медиа холдинг зэрэг хэд хэдэн хэвлэл мэдээллийн холдинг, яамдын нэг хэсэг байв. 2013 онд Олон улсын мэдээллийн Казинформ агентлаг болж өөрчлөн байгуулагдаж, 2019 онд хувьцаат компанийн хэлбэрт шилжжээ.


Энэ хугацаанд Казинформыг Аркадий Вятич-Кирилов, Константин Нефёдов, Жусип Алтайбаев, Кенесбай Усебаев, Касым Шарипов, Какимжан Казыбаев, Жумагали Исмагулов, Амангелди Ахметалимов зэрэг Казахстаны хэвлэл мэдээллийн салбарын шилдэг ажилтнууд удирдаж байлаа. Өнөөдөр Казинформ нь Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Телевиз, Радио цогцолборын дэргэд ажиллаж байна. Астана хотод төв байртай тус агентлаг нь Казахстаны бүх бүс нутаг болон Орос, Хятад, Турк, Европ, Азербайжан, Узбекистан, Киргиз, Йордан зэрэг олон улсын гол цэгүүдэд сурвалжлагчдаа ажиллуулдаг.


Казинформ агентлаг нь мэдээ мэдээллээ казах, орос, англи, хятад, узбек хэлээр нийтэлдэг бөгөөд зарим материалыг гадаадад байгаа уншигчдын тав тухыг хангах үүднээс латин, арабаар гаргадаг. Мөн мэдээ нийтлэлүүдээ Instagram, Telegram, X /хуучнаар Twitter/, YouTube зэрэг томоохон нийгмийн сүлжээний платформуудаар дамжуулан үзэгчдэд хүргэдэг. Түүнчлэн Орос, Киргиз, Хятад, Узбекистан, Бельги, Азербайжан, Йордан, Турк, АНУ, Армени, Их Британи зэрэг орны сэтгүүлчдээс бүрдсэн гадаад сурвалжлагчдын сүлжээтэйгээрээ дотоодын мэдээллийн агентлагуудаас онцлогтой юм


Казинформ нь олон арван жилийн турш олон улсын түншүүдээс бүрдсэн өргөн сүлжээгээ тогтвортой хадгалж ирсэн билээ. Өнөөдөр тус агентлаг дэлхийн 18 орны 31 тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Үүнд Саудын Хэвлэл мэдээллийн агентлаг /Саудын Араб/, Аль-Жазира, QNA /Катар/, Ёнхап /Өмнөд Солонгос/, TPS /Израил/, Арменпресс /Армени/, Azertac, Trend /Азербайжан/, WAM /АНЭУ/, МОНЦАМЭ /Монгол/, ТАСС, БРИКС ТВ /Орос/, Ховар /Тажикистан/, UzA /Узбекистан/, Petra and Middle East Jordan University /Йордан/, Кабар /Киргиз/, БелТА /Беларусь/, Agenzia Nova /Итали/, Fakti.bg, BTA /Болгар/, China Media Group, People’s Daily /Хятад/, UNA /Исламын хамтын ажиллагааны байгууллагын мэдээллийн агентлагуудын холбоо/, OANA /Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага/, Киодо /Япон/, TASR /Словени/, MIPP /Орос/, IRNA /Иран/ агентлагууд багтдаг.

Холбоотой мэдээ