“Далай Чойнхор Вангийн хошууны сүм хийд, лам нарын баримтууд” эмхэтгэл хэвлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-01 13:45:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив,  Бүс нутаг түүх соёлын өвийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Далай Чойнхор Вангийн хошууны сүм хийд, лам нарын баримтууд” эмхэтгэлийг хэвлүүлэн гаргажээ.


Далай Чойнхор Вангийн хүрээ хийд нь ХХ зууны эхээр шашин мөргөл, их номын газар болсон төдийгүй гадаад, дотоодод нэрд гарсан худалдаа, зам харилцааны зангилаа томоохон хийд хотын хэмжээнд хүрч, 80 тохой Богд Зонхов, 44 тохой Майдар бурхан бүтээж халх даяар алдаршиж байжээ.


Энэхүү хүрээ хийдэд шавилан сууж байсан лам нарын бүртгэлийг судалгааны эргэлтэд оруулах нь тус нутгийн түүх, соёлыг дэлгэрүүлэн судлахад чухал хэрэглэгдэхүүн болох юм.



Ташрамд сонирхуулахад, Далай Чойнхор Вангийн хошууны Манжийн үеийн нэршил /1691-1911/ Халхын умард замын Цэцэрлэгийн чуулганы дундад дахь зүүн этгээдийн хошуу бол Богд хаант Монгол Улсын үеийн нэршил /1911-1923/ Сайн ноёны аймгийн Далай чойнхор вангийн хошуу, Цэцэрлэг мандлын аймгийн Чандмань Өлзийт далайн хошуу гэдэг байжээ.


Энэ хошуу 1691-1931 он хүртэл оршин тогтнож байсан юм. Далай Чойнхор Вангийн хошууныүе үеийн ноёныг танилцуулахад, Анхны Засаг ноён Гомбо /Засаг, төрийн жүн ван 1691-1708/, Ринчен /Засаг, төрийн бэйл, жүн ван 1708-1711/, Чойжамц /Засаг , төрийн бэйл 1711-1724/, Намжилчисүрэн /Засаг, төрийн бэйл 1724-1760/, Чимэддорж /Засаг, төрийн бэйл 1760-1790/, Дэлэгпунцаг /Засаг, төрийн бэйл 1790-1817/, Гончигжав /Засаг, төрийн бэйл 1817-1845/, Гэмпилдорж /Засаг, төрийн жүн ван 1845-1894/, Цэдэнсоном /Засаг, төрийн жүн ван, чин ван 1894-1923/ нар үе залгамжилж засаглаж байжээ.



Далай Чойнхор Вангийн хошууны 1918 оны хүн амын тоог түүхэн эх сурвалжаас тодруулахад, Нийт өрх - 5647. Эрэгтэй -12932 /үүнээс тайж - 606, хамжлага ард - 1829, лам банди - 6261, сумны албат эр - 3081, сул эр - 1152/. Эмэгтэй - 11287. Нийт 24219 хүн амтай байсан юм байна.


Далай Чойнхор Вангийн хошууны нутаг дэвсгэрт одоогийн Хөвсгөл аймгийн Галт, Шинэ-Идэр, Жаргал, Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул болон Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир сумд багтаж байжээ.


Энэ хошууны нутагт Монголдоо алдартай Сайныг судлагч сүм буюу Тариатын хүрээ /1698/, Нүхтийн хүрээ /1836/, Артын хүрээ /1861/ хийд оршин, тэдгээрт олон мянган эрдэм номтой лам, хувраг шавилан сууж байсан юм.

Холбоотой мэдээ