Орос, Америк хоёрын ойлголцох цэг - START-III

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-02-02 16:18:32

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөж, АНУ-ын төрийн тэргүүний албан тушаалыг хашиж эхэлсэн Жо Байден ОХУ–ын удирдагч В.Путинтэй анх удаа утсаар ярих үеэрээ хоёр улсын хооронд хүчин төгөлдөр үйлчилж буй цөмийн зэвсгийг хязгаарлах тухай цорын ганц гэрээг сунгахаар тохиролцлоо.


Энэ бол 2010 онд Чехийн нийслэл Прага хотноо Д.Медведев, Б.Обама нар гарын үсэг зурсан, 2 дугаар сарын 5-нд хугацаа нь дуусах Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээ /START–III/ юм. Хоёр Ерөнхийлөгч өөр олон асуудлаар ярилцсан хэдий ч зөвшилцөлд хүрч ойлголцож чадсан цорын ганц асуудал нь гэрээний сунгалт байлаа.



Гэрээний албан ёсны нэр нь: Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулах болон хязгаарлах арга хэмжээний талаарх АНУ ба ОХУ хоорондын гэрээ / Treaty between the United States of America and the Russian Federation on Measures for the Further Reduction and Limitation of Strategic Offensive Arms, New START) юм.


Байден, Путин нар тохиролцсоны дагуу хоёр улсын Гадаад хэргийн яамд START–III гэрээг 5 жилээр сунгах тухай нот бичгийг солилцсон бол гэрээний хугацааг сунгах тухай хуулийн төслийг В.Путин Төрийн Думд өргөн барьжээ. Энэ тухайд Кремлийн ордны хэвлэлийн алба мэдэгдэхдээ “Цөмийн зэвсгийн нөөцийг харилцан хязгаарлахад чиглэсэн олон улсын эрхзүйн чухал механизмыг цаашид үргэлжлүүлэхэд шаардлагатай горим журмыг цэгцэлнэ” гэсэн бол Оросын парламентын Доод танхим ойрын үед гэрээг соёрхон батлах төлөвтэй байна.  Харин хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд уг гэрээ 5 жилээр автоматаар сунгагдах учраас АНУ-ын Сенатаар хэлэлцүүлэх шаардлагагүй.


START–III бол зэвсэглэлд хяналт тогтоох тогтолцооны суурийг тавьсан “тулгын гурван чулуу” гэгддэг чухал гэрээнүүдийн нэг билээ. Харин Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хязгаарлах тухай гэрээ, Дунд ба ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс АНУ дангаараа гарснаар уг хоёр гэрээний үйлчлэл хэдийнэ зогссон юм.

Гэрээ байгуулагдсанаар дэлхий дээрх цөмийн зэвсгийн нөөцийн 90 гаруй хувийг эзэмшдэг ОХУ,  АНУ хоёрыг цөмийн зэвсгээр улайран хөөцөлдөх”-өөс хазаарлан барьж буй нь бодит үнэн. Нэг талаас, аль аль талынх нь цөмийн зэвсгийн нөөцийн хэмжээг тодорхой болгож байгаа, нөгөөтэйгүүр, цөмийн зэвсгийг хянах механизмыг хэвээр хадгалж байгаа гэдэгт гэрээний ач холбогдол оршино.


START- III гэрээнд зааснаар, АНУ ба ОХУ тус бүрийн хувьд стратегийн зөөгч хэрэгслүүдэд байрлуулсан цөмийн цэнэгт хошууны тоо 1550-аас хэтрэхгүй, мөн тив алгасах баллистик пуужингууд, шумбагч хөлөг онгоцонд байрлуулсан баллистик пуужингууд ба стратегийн хүнд бөмбөгдөгч нисэх онгоцнуудын тоо 700-аас хэтрэхгүй, түүнчлэн байлдааны жижүүрлэлтэд гаргасан болон одоогоор гаргаагүй байгаа пуужин харвах төхөөргүүд болон хүнд бөмбөгдөгч онгоцнуудын тоо 800-аас хэтрэхгүй байх ёстой.

Гэрээ байгуулах асуудлыг анх 1997 оны 3 дугаар сард хоёр улсын төрийн тэргүүн Б.Ельцин, Б.Клинтон нар хэлэлцэж байсан бөгөөд тухайн үеийн хувилбараар, стратегийн цөмийн цэнэгт хошууны тоог 2000-2500-гаар хязгаарлаж, гэрээг хугацаагүйгээр байгуулах боломжийг судалж байсан боловч хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Нэлээд хэдэн жилийн дараа 2006 онд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэлэлцээний явцыг сэргээх санаачилга дэвшүүлснээр 5 жилийн дараа гэрээ байгуулагджээ.   


Ташрамд дурдахад, цөмийн зэвсгийн нийт нөөцийн хувьд АНУ 6185, ОХУ  6500 цөмийн цэнэгт хошуутай гэдгийг Энхтайвны асуудлыг судлах Стокгольмын олон улсын хүрээлэнгийн тайланд дурдсан байна.


Гэрээний хугацаа дуусах дөхсөн үед Ерөнхийлөгч асан Д.Трамп мэдэгдэхдээ “SMART-III гэрээ нь АНУ-д бус Москвад илүү ашигтай байна” гэж шүүмжлээд, уг гэрээнд Хятадыг хамруулах, шинэ заалт нөхцлүүдийг оруулахыг /тухайлбал, стратегийн шинэ төрлийн зэвсэглэл, тактикийн цөмийн зэвсгийг гэрээний үйлчлэлд хамруулах, хяналт шалгалтын нэмэлт механизмыг бий болгох/ санал болгож байв.  Харин Оросын тал ямар нэгэн болзолгүйгээр одоогийн хувилбараар нь гэрээг сунгах байр суурьтай байлаа.


Хятадууд Трампын саналыг тэр даруйд нь няцааж, үүнийгээ тайлбарлахдаа “Манай улс 300 хүрэхгүй тооны цөмийн цэнэгт хошуутай, тиймээс нэг бол АНУ, ОХУ хоёр цөмийн зэвсгийн нөөцөө 80 хувиар бууруулж, манайхтай ижил болгох хэрэгтэй, эсвэл бид нар цөмийн цэнэгт хошууныхоо тоог 1000 гаруйгаар нэмэгдүүлж, Орос, Америкийн түвшинд хүргэе” хэмээн даажигнасан хариу өгч байв.


Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Д.Трамп гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар Оросын талтай тохиролцох гэж оролдсон боловч Байден ялна гэж тооцоолсон В.Путин байдлыг харзнахаар шийдсэн бололтой. Учир нь, Байден сонгуулийн сурталчилгааны үеэр “Обамагийн байгуулсан гэрээг сунгана” гэж амлаж байв.


Гадаад бодлогын байр суурийн тухайд, Байден бол русофоб буюу зөөлнөөр хэлбэл, Оросод дургүй хүн юм. Тэрбээр Америкийн гадаад улстөрийн бодлогын чиг шугамыг тодорхойлоход, ялангуяа Орос, Украин, Беларусийн талаарх бодлогыг боловсруулахад олон жилийн турш идэвхтэй оролцсоор иржээ.  Оросын талаар Д.Трампаас илүү хатуу бодлого баримтална гэдгээ нуудаггүй Байден “зэвсэглэлд хяналт тавихаас бусад салбарт Оростой хамтран ажиллах боломжгүй” гэж шулуухан мэдэгдэж байсан удаа бий. Ташрамд дурдахад, тэрбээр 1979 онд цөмийн зэвсэглэлийг хорогдуулах асуудлаар тухайн үеийн ЗХУ-ын Гадаад явдлын яамны сайд А.Громыко-той хэлэлцээ хийж байжээ.

“Комсомольская правда” сонинд дүгнэн бичсэнийг үзвэл, гэрээг сунгасан нь аюулгүй байдал, эдийн засгийн үүднээс Орос улсад ашигтай тусч байгаа аж. Тухайлбал, стратегийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд Оросын төсвөөс гаргахаар төлөвлөж байсан олон зуун тэрбум рубль хэмнэгдэхээс гадна Америкийн стратегийн давшилтын зэвсэглэлийг хянах боломжтой болж байна. Вашингтоны хувьд ч гэсэн харилцан хяналт тавих боломж хэвээр хадгалагдахаас гадна стратегийн цөмийн зэвсэглэлээ нэмэгдүүлэх шаардлагагүй болсноор хөрөнгө хүч хэмнэх болно.


Харилцан хяналтын тухайд товч дурдахад, тив алгасах пуужинг хөөргөх талбайнууд, шумбагч хөлөг онгоцны баазууд, агаарын цэргийн хүчний баазуудад хоёр талын мэргэжилтнүүд жилд 18 удаа шалгалт хийхээр гэрээнд тусгасан байна.


Гэрээ байгуулагдсанаас хойших 10 жилийн хугацаанд талууд 328 удаа шалгалт хийж, 21 403 удаа мэдээлэл солилцжээ.  

Нөгөөтэйгүүр, хэрвээ гэрээг сунгаагүй бол америкчууд байлдааны бэлэн байдалд байгаа цөмийн цэнэг хошуу тээгч хэрэгслүүдийнхээ тоог эрс нэмэгдүүлж, урьд нь пуужингуудаас салган агуулахад хадгалж буй цэнэгт хошуунуудаа буцаан байрлуулж магадгүй байв. Гэтэл Оросын тал салгасан цэнэгт хошуунуудаа аль хэдийнэ устгасан ажээ.


Жо Байден: Зэвсэглэлд хяналт тавихаас өөр салбарт Оростой хамтран ажиллах боломжгүй


Түүнчлэн Америкийн пуужин хөөргөгч төхөөргүүдийн тоо гэрээнд зааснаас илүү олон байгаа бөгөөд СТАРТ-3-ыг сунгаснаар тэдгээрийгээ цөөлөхөөс аргагүйд хүрнэ. Харин “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр, Орост шинээр зохион бүтээсэн цөмийн цэнэгт хошуу бүхий усан доогуур шумбагч дронууд болон бусад төрлийн зэвсэгт уг гэрээ үйлчлэх үү гэдэг нь анхаарал татаж байгаа аж.


Үүний сацуу, олон улсын харилцааны Оросын зөвлөлийн захирал А.Кортуновын үзэж байгаагаар, гэрээг сунгасан нь Орос-Америкийн харилцааг ээдрээтэй байдлаас гаргана гэж найдах хэрэггүй, харин ч эсрэгээрээ Байден бусад салбарт Оросын талаарх байр сууриа чангатгаж магадгүй юм.


Гэрээг сунгаснаар цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлыг тодорхой хэмжээгээр хязгаарлана, гэхдээ уг өрсөлдөөн тооноос чанарт шилжиж болзошгүй хэмээн “Комсомольская правда” сонины цэргийн тоймч В.Баранец дүгнэж байна. Үүнийг тодруулбал, сансар судлал, киберзэвсэг, нисгэгчгүй онгоцууд, хиймэл оюун ухааны салбарт гарах технологийн үсрэлт юм. Эдгээр чиглэлд зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнийг тодорхой хүрээнд хэрхэн хязгаарлах вэ гэдэг нь анхаарал татаж байна.


Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ