ЕБС-ийн танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-03 17:30:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн танхимын сургалтыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв. 


Тэрбээр, орон нутаг буюу халдваргүй эрүүл бүсэд танхимын сургалтыг эхлүүлж болохгүй юу гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, ЕБС-ийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэх гурван үндэслэл, шаардлага байгааг хариултдаа тэмдэглэв. Тухайлбал, нэгдүгээрт, энэ сард цаг агаар хүйтэн байх төлөвтэй байна. Отроор гэр бүлтэйгээ явж байгаа 20 мянган сурагч байгаа. Хоёрдугаарт, томуу, томуу төст өвчний оргил үе хоёрдугаар сард тохиодог. Гуравдугаарт, Цагаан сарын баяраар хөл хорио тогтоох урьдчилсан мэдээлэл байгааг онцлоод, энэ хугацаанд бэлтгэлээ сайн хангаж, танхимын сургалтыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээв. 


Нэг хичээлийн жилд сурагч 165-180 хоног хичээллэх ёстой бол ноднин сурагчид 80 хоногт нь цахим, теле хичээлд хамрагджээ. Ингэснээр, сурагчдын 70-80 хувь нь хичээлийн хоцрогдолд ороод буйг тодотголоо. Түүнээс гадна ноднин цахим, теле хэлбэрээр хичээл орох үед 174 мянган хүүхэд гар утас, компьютергүй, эсхүл интернэт, сүлжээгүй газар байгаа гэсэн судалгаа гарчээ. Нийслэлд гэхэд л, гэр нь цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байгаа аж. Тэдгээр хүүхдүүдийн асуудалд анхаарал хандуулахаа илэрхийлэв. Дэлхийн 130 гаруй улс орон цар тахлын хүнд үед ерөнхий боловсролын сургуулиа хичээллүүлж буйг мэдээлэв.  


Дээрх асуудлаар БШУЯ-наас УОК-т саналаа хүргүүлэх бөгөөд Засгийн газар эцэслэн шийдвэрлэх юм. Нийслэлд зарим сургуулийг PCR шинжилгээний сорьц авах цэг болгосон тул гуравдугаар сарын 1-нээс өмнө ариутгал, халдваргүйтгэлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тэмдэглээд, "Нийслэлд сургуулийн танхимын хичээл эхлүүлэх асуудлаар хотын даргатай баасан гарагт уулзаж, тодорхой шийдэл гаргана" хэмээлээ. 

Холбоотой мэдээ