Нийслэлд 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ сарын 11-23-нд хатуу хөл хорио тогтоох хугацаанд "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр УОК-ын шийдвэр танилцуулахдаа мэдээлэв.
Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын 280 баг ажиллах бөгөөд 10 хоногт 420 мянган өрхийн хүрээнд оношилгоо, шинжилгээний ажлыг үе шаттайгаар, аль болох иргэдэд хүндрэл бэрхшээл учруулахгүйгээр явуулахаар төлөвлөжээ. Гэхдээ амаргүй нөхцөлд зохион байгуулж буй ажил тул гүйцэтгэлийн явцад тодорхой алдаа гарахыг үгүйсгэхгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллийн үеэр тодотгов.
Нийслэлд PCR шинжилгээний 38 аппаратыг ашиглахын зэрэгцээ шинжилгээний 73 цэг байгуулна. Шаардлагаатай тохиолдолд 90 гаруй явуулын цэгийг ажиллуулахаар төлөвлөжээ. Нэг өдөрт 42 мянган өрхөд шинжилгээ хийх юм байна.