Орон нутагт хөл хорио тогтоохгүй ч, Цагаан сар тэмдэглэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн өрх бүрийг шинжилгээнд хэрхэн хамруулах, хөл хорионы өдрүүдэд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд ямар зохицуулалтаар оролцуулах тухай мэдээллийг хүргэж байна. Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар УОК-ын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа энэ тухай мэдээлсэн юм.
-ЭМЯ, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын 6-наас 16 хоног хөл хорио тогтоох санал гаргасан. Энэ хугацааг богиносгож байгаа юм байна. Дээрх хугацаанд 420 мянган өрхөөс шинжилгээ авна гэсэн тооцоолол хэр бодитой вэ?
С.Энхболд: ЭМЯ, УОК-ын дэргэд тус тусдаа байсан эрдэмтдийн зөвлөлийг нэгтгэсэн. Тус зөвлөлөөс гаргасан санал нь яг товлосон хугацаа биш. Хамгийн гол нь хоёрдугаар сард хөл хорио тогтоосноор халдварын эрсдэлийг бууруулна гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс Цагаан сарын баяраар хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд, дөрвөн нарийн мэргэжлийн төв, зургаан дүүрэгт PCR шинжилгээний лаборатори байгуулсан. Мөн орон нутгуудад PCR шинжилгээний лабораториуд бий. Тиймээс бүх лабораторийг Улаанбаатарт татсанаар, хүчин чадал нэмэгдэнэ. Мөн боловсон хүчнийг Улаанбаатар руу татаж байна. Хоногт 35-40 мянган шинжилгээ хийх боломжтой гэсэн тооцоо гарсан.
-Хөл хорионы үед ажиллахыг зөвшөөрсөн салбарын ажилчид өмнө нь QR кодтой тээврийн хэрэгслээр зорчиж байсан. Энэ удаа ажлын үнэмлэхээр зорчихоор болж байна уу?
С.Амарсайхан: Бүх нийтийн бэлэн байдлын үед зөвшөөрсөн салбарын ажилтан, албан хаагчдын ажлын газрын үнэмлэх, тодорхойлолтыг үндэслэн хөдөлгөөнд оролцуулна. Өмнө нь QR кодтой холбоотой олон асуудал гарч байсан. Давхар хяналтыг чангатгана. Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон ч орон нутагт хөл хорио тогтоохгүй. Гэхдээ Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 4-нд гаргасан Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай тогтоол орон нутагт мөн үйлчилнэ.
-Энэ сарын 11 буюу хөл хорио тогтоохоос өмнө халдварын эрсдэл нэмэгдвэл яах вэ?
С.Амарсайхан: Халдварын эрсдэл энэ сарын 11 хүртэл нэмэгдэх эрсдэл маш их. Тиймээс аль болох цаг алдахгүй, ажлаа шуурхай зохион байгуулах шаардлагатай. Ингэхдээ, хэт тулгаж эрт хөл хорио тогтоож, иргэдийнхээ ажил амьдралыг нь цалгардуулахгүйгээр ажлаа урагшлуулах боломж олгож байна. Гэхдээ Цагаан сарыг тэмдэглэхгүй, айлаар хэсэхгүй гэж байгаа тул бэлэг сэлт цуглуулна гэсэн ойлголт байж болохгүй. Ноднин Цагаан сарын баярыг мөн адил тэмдэглээгүй учраас энэ тал дээр иргэд, олон нийт ойлгож, хариуцлагатай хандана гэдэгт асар их найдаж байна. Хэдий чинээ хөдөлгөөн бага хийнэ, төдий чинээ эрсдэл буурна.