Хаан банк сан "Хавдрын эсрэг үндэсний аян"-ы хүрээнд 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-04 09:48:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Эл өдрийг дэлхий нийтээр 21 дэх жилдээ тэмдэглэж байна.  


ЭМЯ-наас гаргасан статистик мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын хоёрдугаарт хорт хавдар бичигдэж байна. Тиймээс хорт хавдартай тэмцэж, иргэдэд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдах боломж бүрдүүлж ХСҮТ, МҮОНРТ, ХААН Банк сан хамтран 2011 оноос

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг орон даяар зохион байгуулж, 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.


Энэ хугацаанд Монгол орныг гурван удаа бүтэн тойрч, 150 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Мөн 10 мянга гаруй эмч мэргэжилтнийг мэргэшүүлж, 500 гаруй удаагийн яаралтай мэс засал хийжээ.


Хорт хавдар дэлхий дахинаа төдийгүй манай оронд ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Манай орны хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болсон хэвээр байна. Хорт хавдрын 2019 оны тайлангаар, 6381 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 3301  эрэгтэй, 3081 эмэгтэй  байна. Үүний 39.9 хувь нь орон нутагт, 26 хувь нь ХСҮТ-д, 34.1 хувь нь нийслэлийн дүүргүүд бусад эмнэлэгт оношлогджээ. Элэгний  хорт хавдраар 2184 тохиолдол шинээр оношлогдсоны 1200 эрэгтэй,  984 эмэгтэй өвдөж, нийт хорт хавдрын 34.2 хувийг  дангаараа эзэлж  байгаа аж.


Тоо баримт, мэдээлэл:

-Манай улсын хүн амын дунд 2019 онд 6381 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

-2019 онд зонхилон тохиолдох хорт хавдрын бүтцэд элэгний хорт хавдар 34 хувь, ходоодны хорт хавдар 16 хувь, уушги, гуурсан хоолой хорт хавдар 8 хувь, улаан хоолой 6 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5 хувь, нийт хорт хавдрын 69 хувийг дээрх байрлалын хорт хавдрууд эзэлж байна.

-Харин эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги гуурсан хоолойн, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэсний хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хорт хавдар зонхилон тохиолдож байна.

-Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 000 эрэгтэй хүн амд 76 тохиолдол,  эмэгтэй хүн амд 60 тохиолдол  байна.

-Хорт хавдрын шалтгаант нас баралт 2019 онд 4801 бүртгэгдсэний  56.5 хувийг эрэгтэйчүүдийн дундах нас баралт эзэлж байна.

-2019 онд зонхилон тохиолдох хорт хавдрын шалтгаант нас баралтын бүтцэд элэгний хорт хавдар 40 хувь, ходоодны хорт хавдар 15 хувь, уушги гуурсан хоолой хорт хавдар 9 хувь, улаан хоолой 6 хувь, умайн хүзүүний хорт хавдар 4 хувь, нийт хорт хавдрын шалтгаант нас баралтын 75 хувийг дээрх байрлалын хорт хавдрууд эзэлж байна.

-Харин эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги гуурсан хоолойн, улаан хоолой, нойр булчирхайн хорт хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолойн, хөхний хорт хавдар зонхилж байна.

-Хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр аль ч хүйсийн 100 000  хүн амд элэгний хорт хавдрын нас баралт өндөр, эрэгтэй 100 000 хүн амд 67.5 тохиолдол, эмэгтэй 100 000 хүн амд 53 тохиолдол байна.

-Шинээр бүртгэгдсэн нийт хорт хавдрын 77.1 хувь нь хожуу үедээ оношлогдсон байна.

-Монгол Улсад 2019 онд хорт хавдрын шалтгаант өвчлөлийн улмаас  20 913 хүн амьдарч байгаагийн 391 (1.8 хувь) нь 19 хүртэлх насны хүүхэд байна. Хорт хавдрын хяналтад байгаа хүмүүсийн 37 хувь нь 5 ба түүнээс дээш жил амьдарч байна.

-Монгол Улсад 2019 онд 19 хүртэлх насны 122 хүүхдэд хорт хавдарын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

-19 хүртэлх насны хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүтцэд лимфоид лейкеми 4 2 хувь, тархи мэдрэл 18 хувь, яс 3 хувь, ходжкины бус лимфома 3 хувь, өндгөвчний хорт хавдар 2 хувийг эзэлж байна.

 

 


Холбоотой мэдээ