С.Батмөнх: Байнгын хяналт шалгалтын ажлын үр дүнд хууль бусаар загас агнах зөрчил буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-08 14:04:50

Ховд /МОНЦАМЭ/. Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга С.Батмөнхтэй уулзаж, өнгөрсөн 2020 онд хэрэгжүүлсэн онцлох ажил, цаашдын зорилтын талаар ярилцлаа. 

-Танай байгууллага хэчнээн га газар нутгийг хамгаалдаг вэ? Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь Ховд аймгийн Буянт, Мянгад, Дөргөн, Чандмань, Манхан, Эрдэнэбүрэн, Ховд сум, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц баг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутгийг хамруулсан “Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар” 850.272 га, “Хөх сэрхийн нурууны Дархан цаазат газар” 74.506, “Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар” 113.749, “Манханы нөөц газар” 396.438 нийт 1.434.965 га газар нутгийг хариуцан судалгаа шинжилгээ, сургалт мэдээлэл, хяналт шалгалтын ажил, үйлчилгээ зохион байгуулдаг.
Тус хамгаалалтын захиргаа нь үндсэн 12, гэрээт 5 байгаль хамгаалагч, 5 мэргэжилтэн, дарга, нягтлан бодогч, жолооч, нярав бичиг хэрэг, сахиул үйлчлэгч гэсэн нийт 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж буй. Ингэхдээ судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа мэдээллийн баруун бүсийн төв болон өргөжиж байгаагаараа онцлогтой.

Бүс нутгийнхаа байгалийн үзэсгэлэнт тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгал, нэн ховор болон ховор амьтан, ургамлын зүйлийг хамгаалах, нүүдэлчин ард түмний амьдралын эх үүсвэр болсон бэлчээрийг зүй зохистой ашиглах замаар Монголчуудын өвийн нэгэн хэсгийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний гол зорилт юм. Энэ утгаараа манай хамт олны зүгээс нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх замаар байгалийн унаган төрхийг хадгалан үлдээхэд чиглэсэн томоохон ажлыг үе шаттай хэрэгжүүлж ирлээ.    

-Энэ жил борцгор хотон шувууны нүүдлийн судалгаа амжилттай эхэллээ. Энэхүү ажлын тухай товч танилцуулахгүй юу?

-Харс нуур нь нэн ховор борцгор хотон шувууны Зүүн Азийн үржлийн популяцийн цорын ганц нутаг болоод байна. Судлаачид Монголд борцгор хотонгийн тоо толгой 110-120 байна гэж үнэлсэн. Зүүн Азийн борцгор хотон нь Монгол орны баруун бүс нутагт үржиж, намар өмнөд зүг нүүж Хятадын зүүн эргийн дагуу өвөлждөг.  

Хэдий тийм ч Монгол орны борцгор хотонгийн нүүдлийн судалгаа өнөө хүртэл хийгдээгүй байсан. Иймээс өнгөрсөн долоодугаар сард Монголын шувуу хамгаалах төв, Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран гэрээ байгуулж, “Хар-Ус нуурын борцгор хотонгийн тоо толгой, нүүдлийг судлах” ажил хийлээ. Энэ ажилд БНХАУ-ын талаас Хятадын Ойн Шинжлэх Ухааны Академи болон Hangzhou Yuehai Technology Co.Ltd дэмжиж хамтран оролцсон юм. Нүүдлийн судалгааг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газраас олгосон “ховор шувуу” барих тусгай зөвшөөрлийн дагуу гүйцэтгэж, долоодугаар сарын сүүлээр Хар-Ус нуураас 75 орчим хоногтой хоёр ангаахайд сансрын дамжуулагч амжилттай зүүж, тэдний шилжилт хөдөлгөөнийг тандаж байна. Энэ нь Монгол оронд төдийгүй дэлхийд анх удаа гэж нэрлэгдэх чухал ажил байсан юм.   


  
      Сансрын дамжуулагч зүүсэн хоёр хотон шувуу есдүгээр сарын 25-нд анхны шилжилт хөдөлгөөн хийжээ  



Зүүн гар талаас: Дангина (Дамжуулагчийн дугаар: Т169) ; Борхүү (Дамжуулагчийн дугаар: T168) 


Хоёр хотон шувуу дамжуулагч зүүсэн өдөр буюу долоодугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд өөрсдийн үүрний орчим харьцангуй тогтвортой байсан. Улмаар есдүгээр сарын 25-ны өдөр Хар-Ус нуураас нисээд Жаргалант хайрханы хойгуур Хар нуур ороод энэ өдрийн орой нь буцаж Хар ус нууранд ирсэн. Энэ бол хоёр ангаахайн хувьд хамгийн анхны томоохон шилжилт хөдөлгөөн байлаа.

-Сансрын дамжуулагч зүүсэн хотон шувууны нүүдлийн замын тухайд?

-Т168 дамжуулагчтай Борхүү гэх хотон шувуу аравдугаар сарын 3-нд нүүдлээ эхлүүлсэн. Замдаа сангийн далай, Цэгээн, Бөөнцагаан болон Орог нуурыг дамжин Хятад орж, 10 хоногийн дараа буюу аравдугаар сарын 13-ны өдөр Хятадын Бохай тэнгис орсон. Харин Т169 дамжуулагчтай Дангина гэх хотон шувуу аравдугаар сарын 8-нд нүүдлээ эхлүүлж мөн адил замаар аравдугаар сарын 16-ны өдөр Бохай тэнгист очсон байна. Мөн 12 дугаар сарын 7-нд Борхүү урагш хөдөлж, Хятадын Лянчен хотын ойролцоо далайн эрэгт очсон бөгөөд 12 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 9:15 цагийн байдлаар энэ газраа байна. Харин Дангина 11 дүгээр сарын 8-нд Бохай тэнгисээс урагш хөдөлж Лянюунганг хотын ойролцоо тэнгист очиж, буцаад 11 дүгээр сарын 12-нд өмнөд Бохой тэнгист очжээ. Улмаар 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд тус газарт байна гэх мэдээлэл бий.  

-Тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар загас агнах зөрчлийг хэрхэн таслан зогсоож байна вэ?

-Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь 2019 онд 38 удаа хяналт шалгалт хийж, 289 ширхэг хууль бус загасны тор илрүүлэн татаж, 8000 гаруй загасыг нууранд нь буцаан тавьж байсан. Харин 2020 онд олон нийтэд чиглэсэн сурталчилгаа мэдээлэл, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллалаа. 

Ингэхдээ байнгын хяналт шалгалтын хуваарь гаргаж, мэргэжилтэн болон байгаль хамгаалагчдыг хоёр цэгт ажиллуулсан. Улмаар Хар нуур, Хар-Ус, Дөргөн нууранд 32 удаа хяналт шалгалт хийлээ. Байнгын хяналт шалгалтын ажлын явцад хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан долоон ширхэг торыг илрүүлсэн. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд хууль бус загас агнуурыг 98 хувь таслан зогсоож чадсан.

Мөн загасны үржлийн үеийн хяналт шалгалтыг сайжруулах, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль хамгаалагч нар давхардсан тоогоор 3800 гаруй иргэнд Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын загас, түүний биологийн онцлог, экологи эдийн засгийн үнэлгээний талаар мэдээлэл хүргэв. Мөн “Зөрчлийн тухай хууль”, холбогдох зөвлөмж, анхааруулгын дагуу 1500 ширхэг материал тарааж, 278 тээврийн хэрэгслийг буцаан, ухуулга сурталчилгаа хийсэн. Ингэснээр загасны үржил, нүүдлийн үед гардаг зөрчил 90 хувь буурсан үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар байнгын хяналт шалгалтын ажлууд үргэлжилсээр буй.  

Түүнчлэн манай байгууллага нь Шинжлэх ухаан Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц ашиглалтын салбарын загас судлаач доктор Б.Мэндсайхантай хамтарч Монгол хадран загасны үржил, шилжилт хөдөлгөөнийг тандах зорилгоор 2020 онд нийт дөрвөн удаа ажиллалаа. Энэ үеэр 30 ширхэг загасанд T-Bar зүүж, 18 ширхэг загаснаас дээж цуглуулсан. Дээж авсан загас бүр түрстэй, хоол тэжээлийн хувьд хангалттай гэсэн дүгнэлт гарав.     

-Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг хэрхэн сайжруулж байна вэ?

-Байгаль хамгаалагчдыг дэмжих, тэдний ажлын үр дүнг сайжруулах зорилгоор 2020 онд байгаль хамгаалагчийн ажлын байр, хяналтын цэг байгууллаа. Тодруулбал, “Шандны Ус” ХХК-тай 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний хугацаанаас өмнө байгаль хамгаалагчийн ажлын байрыг шинээр ашиглалтад хүлээн авсан. Ийнхүү жил бүр байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэднийг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.   

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тэмдэгжүүлэлтийг сэргээн засварлаж, шинээр хийсэн үү?

-Тусгай хамгаалалттай газар нутгийг иргэдэд сурталчлан таниулах, онцгой болон хязгаарлалтын бүсийн дэглэм мөрдүүлэх зорилгоор хязгаарлалтын хилийн багана 30, мэдээллийн самбар 7, онцгой бүсийн тэмдэг 13, анхааруулах тэмдэг 12 ширхэг нийт 72 газарт тэмдэг тэмдэглэгээний ажил хийлээ.     

-Зэрлэг амьтдыг хамгаалах биотехникийн арга хэмжээг өнгөрсөн онд хэрхэн зохион байгуулсан бэ

Байгаль, цаг агаарын төлөв байдал, хүндрэлтэй нөхцөлд зэрлэг амьтдыг хамгаалах, идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор биотехникийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулсан. Тодруулбал, Хөх сэрхийн дархан цаазат газарт хоёр удаа зэрлэг ан амьтанд зориулж 200 боодол өвс, 1 тн хужир тавьсан. Мөн Жаргалант хайрхан уулын Рашаантын аманд нөхөрлөлийн гишүүд, идэвхтэн байгаль хамгаалагч нартай хамтарч 500 кг хужир тавьж биотехникийн арга хэмжээ авлаа.

Түүнчлэн Жаргалант хайрхан ууланд 2020 оны хоёрдугаар сарын 5-нд халиун буга ирсэн мэдээллийн дагуу байгаль хамгаалагч Б.Содбилэг нутгийн иргэдийн хамт Хөх хөндийн нуруу, Цахир салааны эх, Богины эх зэрэг газарт 60 боодол өвс тавьж биотенхикийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ. Ийнхүү тус хамгаалалтын захиргаа нь 2020 онд нийт 260 боодол өвс, 1.5 тн хужраар биотенхикийн арга хэмжээ авсан. 

-Тэгвэл танай хамт олон  2021 онд ямар ажил хийхээр төлөвлөв?

-Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 22 ажил, үйлчилгээ төлөвлөсөн. Үүнээс зарим томоохон ажлыг онцлон танилцуулбал, "Судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа мэдээлэлийн баруун бүсийн төв"-ийн барилгын ажлыг эхлэх, ашиглалтад оруулах юм. Мөн тус хамгаалалтын захиргааны 2020-2025 оны менежментийн төлөвлөгөө боловсруулж, Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын нөөц даацын судалгаа хийх, тусгай хамгаалалттай газар нутгийн тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна. Үүнээс гадна тусгай хамгаалалттай газар нутгийн биологийн олон янз байдлын  судалгаа, бэлчээрийн тогтвортой менежментийн суурь судалгаа хийх, мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг өвөл, зуны дүрэмт хувцас, дуран, байршил тогтоогч багажаар бүрэн хангах юм. 

Хамгаалалтын захиргааны ажил үйлчилгээнд зориулан Ланд крузер маркийн автомашин, цасны мотоцикл, моторт завь зэрэг техник хэрэгслээр хангах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд хамгаалалтын захиргааны салбар байгуулах ажлыг эхэлж, байр барих зэрэг томоохон ажлыг Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар, олон улсын төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй.

-Тун удахгүй сар шинийн баяр болно. Та мэндчилгээ дэвшүүлэх боломжтой? 

-Эх орныхоо онгон дагшин байгаль, ховор ан амьтад, түүхт өв соёлыг хамгаалан ажиллаж буй байгаль хамгаалагчид болон Хар-Ус нуур орчмын экосистемийг хамгаалах ариун үйлсэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж яваа байгаль орчны салбар байгууллага, судалгааны төвүүд, олон улсын төсөл хөтөлбөр, нутгийн иргэд, эрдэмтэн судлаач, багш сурган хүмүүжүүлэгч гээд байгальд ээлтэй бүх хүмүүст айлчлан ирж буй Цагаагчин Үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн уужим сайхан сэтгэлээр эв эеийг дээдэлж, эх орныхоо тусгай хамгаалалттай газруудыг цэцэглэн хөгжүүлж явах болтугай.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ