"Титэм" сургуулийн хамт олон "Бичиг соёл" бүтээлийн үзэсгэлэн дэлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-08 19:19:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн "Титэм" сургуулийн хамт олон “Бичиг соёл” бүтээлийн үзэсгэлэн гаргаж, үндэсний бичгээ бүх нийтээрээ сурч эзэмшихийг уриаллаа.



 “ Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  "Эх хэлээ дээдлэн дэлгэрүүлэгч хамт олон болох” зорилгоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Титэм"  ЕБС-ийн 105 багш, ажилчид эх хэлний 7 багшдаа түшиглэн 5 сарын туршид монгол бичгээ сэргээн сурч, үр дүн ахиц амжилтаа нийтэд тайлагналаа.


Тус хамт олны 90 хувь нь үндэсний бичгээрээ уншиж сурсан, 80 хувь нь  зөв, хичээнгүй хуулан бичиж,  70  хувь нь толь бичиг ашиглан цахим орчинд, гар утасны хэрэглүүр дээр монгол бичгээр эх шивж сурсан байна.


Монгол хэл бичгийн 7 багш нь багш, ажилтнуудаа сонирхлоор нь 7 бүлэгт хуваан өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш танхимаар болон цахимаар үндэсний бичгээ заан сургаж өнөөдөр явц, үр дүнгээ  тайлагнаж байна. Тус үзэсгэлэнд 105 багш, ажилтны 210 дэвтэр, цахимд шивж бэлтгэсэн 260 үзүүлэн, 110 хичээнгүй бичиг, уран бичлэгийн бүтээлүүдийг дэлгэн тавьсан байна.


“Титэм” сургуулийн хувьд сүүлийн 3 жил дараалан МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины захиалгаараа түүчээлж, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд тогтмол амжилт гаргаж байгаа бөгөөд уг сургалтдаа багш, ажилтан бүр сониноо хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна. Ирэх 5 дугаар сард буюу “Үндэсний бичиг үсгийн өдөр”–ийг тохиолдуулан дээрх чадвараа илүү хөгжүүлэн сурагч, эцэг эх, олон нийтэд дахин сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

 

 


Холбоотой мэдээ