Олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-09 10:58:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дүгнэв. 


Тус аймгийн хэмжээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу төмрийн хүдрийн-1, алтны шороон ордын-2, нүүрсний-2 нийт 5 уурхай үйл ажиллагаа явуулж байна. Дээрх уурхайчдын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг 4 удаагийн явцын хяналт шалгалтыг зохион байгуулж, заавар зөвлөмжийг өгч ажилласнаас гадна уул уурхайн олборлолтод өртсөн 9.36 га талбай, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтод өртсөн 52.77 га талбайд хийсэн техникийн нөхөн сэргээлтийн ажлыг газар дээр нь хэмжилт хийн шалгаж, акт үйлдэн хүлээн авсан тухай мөн үеэр танилцуулсан юм. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах тайлагнах журам”-ын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг “Гоби коулд энд энержи ХХК”-ийн Зээгтийн нүүрсний уурхай, “Болдгянтболд” ХХК-ийн Зүүн сайрын алтны шороон ордын уурхай болон “Майн бласт” ХХК-ийн тэсрэх материалын агуулах, цогцолборын 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэн хангалттай гэсэн дүгнэлтийг өгч ажиллалаа.

Харин “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын төмрийн хүдэр, гантигжсан шохойн чулууны ордын уурхайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж шалган хангалтгүй дүгнэлтийг өгч, тайлангийн иж бүрдэл дутуу “Цогц эрин транс” ХХК-ийн Бөөрөгийн алтны шороон ордын уурхайн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх ажил хүлээгдэж байна.

Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажил хангаж буй “Хан-Алтай ресурс” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө танилцуулах уулзалтыг холбогдох төрийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж санал өгч ажиллалаа хэмээн Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ