УОК-ын дэргэд Эрсдэлийн үеийн хяналт, шинжилгээний хороо байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын дэргэд Эрсдэлийн үеийн хяналт, шинжилгээний хороо байгуулах болсон талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.
Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд шат шатанд нь хяналт тавьж, үр дүнг тооцох шаардлагатай гэж УОК үзжээ. Учир нь өмнөх УОК-ын гаргасан шийдвэр оновчтой байсан ч доод буюу анхан шатанд алдаа гаргаснаар мэдээллийн ойлгомжгүй байдал үүсэж, асуудал гарч байсныг тэмдэглэв.
Шинээр байгуулах тус хороонд Үндэсний аудитын газар ажиллах бөгөөд цар тахлын үеийн санхүү, төсөв, хөрөнгө, хандив тусламжаар ирсэн бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж үр дүнг УОК-т танилцуулж шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ингэснээр, шат шатанд хариуцлага нэмэгдэж, хэн юу хийх нь тодорхой болж, ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх боломжтой болно хэмээн Шадар сайд мэдээллийнхээ үеэр онцоллоо.