Израилын компани 3D принтерээр мах хэвлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-02-17 14:21:45

ТЕЛЬ-АВИВ. /Reuters/. Израилын “Redefine Meat” хэмээх гарааны компани 29 сая ам.долларын санхүүжилт хийсний дараа ургамлын гаралтай махыг 3D принтер ашиглан үйлдвэрлэлийн хэмжээнд хэвлэхээр төлөвлөж байна.


Санхүүжилтийг венчур хөрөнгө оруулалтын “Happiness Capital”, “Hanaco Ventures” компаниуд хийх аж. Тэдэнтэй мөн “CPT Capital”, “Losa Group”, “Sake Bosch”, “K3 Ventures” компаниуд нэгдэнэ.


“Redefine Meat” компани 3D принтер ашиглан ургамлын гаралтай мах орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг боловсруулжээ. Хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлийн 3D принтерийг дистрибьютерүүдэд энэ жилийн сүүлчээр танилцуулахаас өмнө томоохон хэмжээний туршилтын шугам байгуулах боломжийг компанид олгоно.


Энэ нь дэлхийн махны дистрибьютерүүдтэй түншлэх төлөвлөгөөтэй байгаа компанийн хувьд "чухал алхам" юм гэж компанийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Эшар Бен-Шитрит онцлов.


Хэрэглэгчид өөрсдийн эрүүл мэндийн төлөө, түүнчлэн хүрээлэн буй орчин, амьтныг хамгаалах зорилгоор махны хэрэглээгээ багасгахыг эрмэлзэж байгаа тул ургамлын гаралтай махны хувилбаруудын эрэлт нэмэгдэж байгаа юм.


“Beyond Meat”, “Nestle” компаниуд бусад технологид тулгуурлан хамбург, хиамны мах гаргасан бол “Redefine Meat”, Испанийн “Novameat” зэрэг 3D принтер ашиглан мах үйлдвэрлэдэг компаниуд одоогоор хамгийн хэцүү даалгаварт тооцогдож буй ургамлын гаралтай стейкний мах гарган авахыг оролдож байна. 

Холбоотой мэдээ