Их Британийн Элчин сайд вакцин авахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-19 16:40:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг  өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл даяар хэрэгжүүлж буй “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний явцын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн салбараа нээхтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгааг мөн онцлов. Оксфордын "Астразенека" вакцины 150 мянган тунг авах болсныг дурдаж цаашид нэмж авахад дэмжлэг болохыг хүсэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөг гэдгээ илэрхийлж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. 


Монгол Улсын Засгийн газар цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоохоор үр дүнтэй  ажиллаж байгааг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Филип Малоун цохон тэмдэглэв. Цаашид КОВАКС хөтөлбөр болон бусад шугамаар вакцин авчирч иргэдээ хамруулна гэдэгт итгэлтэй байгааг хэлээд, дэмжлэг болохоо илэрхийлэв.


Уулзалтын үеэр төмөр зам, цахилгаан станц бүтээн байгуулахтай холбоотой  төсөл,  хүлэмжийн хийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 17-ны өдөр АНУ болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Ли Ё Хуныг хүлээн авч уулзан вакцин худалдан авахад дэмжлэг болохыг хүссэн юм.

Холбоотой мэдээ