“Токио-2020” ЗБХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон Сейко Хашимотод баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-22 14:41:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос энэ жил зохион байгуулах "Токио-2020" наадмын эргэн тойронд болж буй үйл явдлын мэдээллийг танилцуулж байна.


“Токио-2020” зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр хатагтай Сейко Хашимото томилогдсоны дараа Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгчийн мэдэгдлийг толилуулъя.



Тэрбээр: “ОУОХ-ны 7 удаагийн олимпод оролцсон медальт тамирчин, Японы баг тамирчдыг олимпын наадамд олон удаа тэргүүлсэн, "Токио-2020" олимпын сайд, хатагтай Сейко Хашимото нь "Токио-2020" Зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр томилогдсонд баяртай байна. Тэрбээр олимпын наадмын бэлтгэл ажлыг шувтаргын шийдвэрлэх өдрүүдэд улам бүр эрчимжүүлэх, “Ковид-19”-ийн эсрэг бүх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн, ЗБХ, Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, ОУОХ-ны хамтын түншлэлийг нягтруулж, баталгаатай аюулгүй олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө онцгой анхаарлаа хандуулах нь дамжиггүй. "Токио-2020" ЗБХ-ны тэргүүнээр эмэгтэй удирдагч томилогдсон нь хүйсийн тэгш эрхийн асуудлаар олон нийтэд чухал дохио өгсөн бөгөөд энэ нь ОУОХ-ны шинэчлэлийн хөтөлбөр бодлоготой яв цав нийцэж байна” гэж мэдэгдэв.


Түүнчлэн ерөнхийлөгч нь ОУОХ-ны Дэд Ерөнхийлөгч, "Токио-2020" олимпын наадмыг зохицуулах комиссын дарга Жон Коутсийн хамт Япон дахь ОУОХ-ны гишүүн Моринари Ватанабе, Ясүхико Ямашита нартай утсаар ярьсан байна. Ерөнхийлөгч Т.Бах нь "Токио-2020" олимпын наадам хариуцсан шинэ сайдаар томилогдсон хатагтай Марүкава Тамаёод баяр хүргэв. Энэ жил 40 настай Т.Марукава нь улс төрд хөл тавихаасаа өмнө “Асахи” телевизийн хөтлөгч байсан юм.


Олимпын дүрвэгсдийн сан /ORF-Olympic Refuge Foundation/-гийн тэргүүн бөгөөд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, Францын спортын сайд Роксана Марачиняну нар ORF үйл ажиллагаанд Франц улс санхүүгийн тусламж үзүүлэх гэрээнд Лозанн хотноо гарын үсэг зурав. Т.Бах дүрвэгсдийн санд тусламжийн гараа сунгасан Франц улсын төрийн тэргүүн Э.Макрон, тус орны Засгийн газарт талархлаа илэрхийлж, "Парис-2024" олимп амжилттай зохион байгуулна гэдэгт итгэл төгс байгаа гэдгээ илэрхийлэв. ОУОХ-ны "Парис-2024" олимпын наадмыг хариуцсан зохицуулах комиссын дарга П.Беккерс-Вьюжон тус уулзалтад байлцжээ.


Ерөнхийлөгч БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чүн Ый-Ёнийг хүлээн авч уулзав. Тэд өмнө нь "Пёнчан-2018" өвлийн олимпын наадамд БНАСАУ-ын баг тамирчдыг оролцуулах асуудлаар хэд хэд удаа уулзсан ажээ.

Жорж Вашингтоны нэрэмжит Их сургуулийн спорт бизнесийн холбооны урилгаар ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах цахим лекц уншиж, “Токио-2020” олимп, “Олимпын мөрийн хөтөлбөр 2020+5” сэдвээр 300 оролцогчдын асуултад хариулав. Олимпын бобслей, шаахай чарганы медальт, тус сургуулийг төгсөгч Е.Мейерс-Тейлор цахим уулзалтыг хөтлөн удирдсан байна. Ерөнхийлөгч ОУОХ-ны олимпын хөтөлбөрийн комиссын дарга К.Штосстой хаалттай уулзалт хийжээ.


ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс 15 заалттай “Olympic Agenda 2020+5”  олимпын мөрийн хөтөлбөрийг боловсруулан, III сард хуралдах ОУОХ-ны 137 дугаар чуулганд танилцуулахаар төлөвлөж байна. Шинэ “Olympic Agenda 2020+5” нь ирэх таван жилийн хугацаанд ОУОХ, Олимпын хөдөлгөөнийг удирдан залж, зөв чиглэлд хөтлөх чиг үүрэгтэй юм. ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс “Мөрийн хөтөлбөр-2020”-д тусгагдсан 40 заалтын 88 хувь биеллээ олсон гэж дүгнэжээ.


Олон улсын спортын холбоод



Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны Гүйцэтгэх зөвлөлийн цахим хуралдаанаар Латвийн Рига, Даугавпилс хотноо VI сарын 3-11-нд FIBA-U19 Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах болсноо зарлав. Түүнчлэн олимпын эрх олгох тэмцээн VI сарын 19-нд Канад, Хорват, Литва, Серби улсад эхлэхийг батламжилсан байна.


Олон улсын усанд сэлэлтийн холбоо /FINA/ цоо шинэ вэбсайт ашиглалтад оруулснаа мэдэгдлээ.


Үндэсний олимпын хороод


Казахстаны ҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Крюков нь Олон улсын цанын холбоо /FIS/-ны фристайль, могулс, аэриэлс уралдаан хариуцсан захирал Андреа Ринальдиг хүлээн авч уулзан, дээрх төрлөөр энэ жил Алматы хотноо зохион байгуулах ДАШТ, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний талаар нухацтай хэлэлцэв.


Марокко улсын ҮОХ нь “Өндөр зэрэглэлийн спорт” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, “Аваргуудын үг” хөтөлбөрөөр олимпын дугуйчин А.Куаддарыг хүндэт зочноор урьжээ.


Монголын ҮОХ байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тус хороог удирдаж байсан ахмад зүтгэлтнүүдийг хүлээн авч уулзав. МҮОХ нь 1956 онд анх байгуулагдсан цагаасаа хойш өвлийн 14, зуны 13 олимпод оролцож, нийт 26 медаль хүртсэн билээ.



Испанийн ҮОХ-ны Ерөнхийлөгч А.Бланко, Байгаль орчны шилжилт, хүн ам зүйн сорилтын сайд Т.Ридери, Спорт, соёлын сайд Х.Урибес нар хүрээлэн буй байгаль орчин, спорт ба тогтвортой байдлыг хамгаалан дэмжих гурван талт гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү гэрээ нь байгаль орчин ба нийгмийн тогтвортой байдлыг сахин хамгаалж, олимпизмын нандин үнэ цэнийг түгээн дэлгэрүүлснээр байгалийн шилжилтийн хэв загварыг Испанийн спортын секторт бодитойгоор хэрэгжүүлж, тогтвортой байдлын асуудалд олон түмний анхаарлыг төвлөрүүлэх  зорилгыг агуулжээ.


Венесуэлийн ҮОХ нь олон улсын спортын менежментийн 8 сарын дээд курсийн диплом гардуулах ёслолыг зохион байгуулж, бүх оролцогчдыг спортын гэрэл зурагчин Э.Гамесийн уран бүтээлээр бүтсэн гэрэл зургийн олимпын галерейн нээлтэд урьсан байна.

Холбоотой мэдээ