Элчин сайд Ш.Батцэцэг Кубад сурч буй оюутнуудын аж байдалтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-02-23 11:47:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг энэ сарын 19-23-нд монгол оюутнууд суралцаж буй, Куба улсын их дээд сургуулиудын удирдлагуудтай уулзлаа.


Тэрбээр, Камагуэй мужийн Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Сиэнфуэгос мужийн Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Хавана хот дахь Латин-Америкийн Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Салвадор Аллендийн нэрэмжит Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Хосе Антонио Эчэверриагийн нэрэмжит Хаванагийн Технологийн их сургууль, Биеийн тамир, спортын шинжлэх ухааны их сургууль болон Хаванагийн их сургуулийн удирдлагуудтай уулзсан юм.


Элчин сайд Ш.Батцэцэг сүүлийн 12 сарын турш үргэлжилж буй цар тахлын хорио цээрийн улмаас оюутнуудын хичээл сургалт завсардах, анагаах ухааны сургуулиудын төгсөх ангийн оюутнууд нийтийг хамарсан үзлэгт дайчлагдах эрсдэлийг урьдчилан тооцох, ариутгал хамгаалалтын нөхцөлийг сайжруулах болон хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдлын улмаас оюутнуудад тулгарч буй зарим бэрхшээлүүдийн талаар сургуулийн удирдлагуудтай санал солилцов.


Цар тахлын энэ үед манай оюутнуудад тулгарч буй хүндрэлийг тодорхой түвшинд шийдвэрлэж ГХЯ-ны Консулын газрын “Иргэдэд туслах сан”-гаас олгож буй тусламжийн барааг Элчин сайд оюутнуудад хүлээлгэж өгөв.

Холбоотой мэдээ