П.Баярсайхан: Бодлогын баримт бичгүүд бол хөгжлийн хөтөч юм

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-02-24 14:23:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргаа, Удирдлагын Хэлтсийн дарга Пэрэнлэйн Баярсайхантай ярилцлаа. 


-Шинэ удирдлагууд аймаг, орон нутгаа хөгжүүлэх талаар ямар хөтөлбөр, төлөвлөлт хийсэн бэ? Мэдээж дөрвөн жил ажиллах хугацаандаа хийх ажлаа тусгасан баримт бичиг гарсан байх?

-“Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг бид өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд аймаг маань дунд болон богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдээ хуульд заасан хугацаанд нь боловсруулж батлуулах үүрэгтэй. Тухайлбал: Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг би энд онцолж хэлэх гэж байна.

“Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг боловсруулж аймгийн ИТХ-аар батлагдсан. Урьд өмнө нь үндсэн чиглэлийг ингэж таван жилээр буюу дунд хугацаагаар баталж байсан тохиолдол байдаггүй. “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль” шинэчлэгдсэнээрээ аймаг маань дунд хугацааны  хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигтэй болж байна. Урьд нь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн төлөвлөгөөнүүдийг баталж явдаг байсан. Мөн аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг бид боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж эхлээд байна.

-Эдгээр бодлогыг баримт бичигт юун дээр суурилж боловсруулж гаргасан бэ?

Тийм ээ. “Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль” нь энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулах үндэслэл нь юм. Дээр нь “Монгол Улсын алсын хараа 2050” гэсэн урт хугацааны бодлого байгаа. Мөн  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл , Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө тус тус батлагдсан.  

“Дархан хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө-2035 он” буюу аймгийн урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг ч мөн гарсан. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг үндэслэж, холбогдох суурь судалгааг хийснээр дунд болон богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулж, аймгийн ИТХ-аар  батлуулан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд ажиллаж эхэлсэн.

-Дунд хугацааны үндсэн чиглэлээ жаахан тодруулаач, хэдэн бүлэгтэй, ямар ямар ажлууд тусгагдсан гэдэг талаар?

-Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хувьд тогтож хэдэн үг хэлье. Энэ таван жилийн үндсэн чиглэл нь үндсэндээ долоон бүлэгтэй. Тухайлбал: Үндэсний үнэт зүйл, Хүний хөгжлийн, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг,, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм гэсэн долоон бүлэгтэй. Эдгээр бүлгүүдэд долоон зорилго тавьсан. Эдгээр нь дотроо 24 зорилт болж задарсан байгаа. Энэхүү 24 зорилтынхоо хүрээнд бид хүрэх үр дүнгээ тодорхойлж гаргаж тавьсан. Дархан-Уул аймгийг  2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж батлаад хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон.

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт чухам юу юу тусгагдсан бэ? Хөтөлбөрийг нэг бүрчлэн тайлбарлаж амжихгүй ч боломжтой бол жаахан тодруулж хэлж өгөөч?

-Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хувьд төрийн захиргааны, төрийн үйлчилгээний байгууллагуудын ширээний ном, дөрвөн жилийн хөтөлбөр юм. Бид энэ хөтөлбөрөө зургаан бүлэгтэйгээр боловсруулсан. Тухайбал: Нэгдүгээр бүлэгт: Хүний хөгжил, хоёрт нь :эдийн засгийн бодлого, гуравт нь: засаглалын бодлого, дөрөвт нь: ногоон хөгжлийн бодлого, тавд нь :бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, зургаад нь :халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого зэрэг зургаан бодлогыг шингээж өгсөн. Эдгээр нь дотроо дэд бүлгүүдтэй, зорилт, арга хэмжээнүүдтэй байгаа.

Тухайлбал: “Хүний хөгжлийн бүлэг” нь дотроо зургаан дэд бүлэг, 25 зорилт, 95 арга хэмжээтэй төлөвлөгдсөн. “Эдийн засгийн бодлого”-ын бүлэг долоон дэд бүлэг, 17 зорилт, 86 арга хэмжээ, “Засаглалын бодлогын бүлэг”-т дөрвөн дэд бүлэг, 10 зорилт, 37 арга хэмжээ, “Ногоон хөгжлийн бодлого” нь хоёр дэд бүлэг, найман зорилт, 27 арга хэмжээ, “Бүс ба орон нутгийн хөгжлийн бодлого” нэг дэд бүлэг, гурван зорилт, 12 арга хэмжээ,“Халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого” нэг бүлэг, гурван зорилт, 10 арга хэмжээг тус тус төлөвлөж, нийтдээ 267 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан байгаа. Сүүлчийн зургаадах бүлэг болох “Халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого” нь Монгол Улсын Засгийн газрын бодлогод тусгагдсан бөгөөд аймгийн таван жилийн үндсэн чиглэлд ч бас байгаа. Ингээд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зургаан бүлэг, 21 дэд бүлэг, 267 арга хэмжээтэйгээр аймгийн ИТХ-аар хэлэлцэж дэмжигдээд батлагдсан. Хэрэгжилтийг нь хангахаар бид төлөвлөлтийг нь хийж, боловсруулаад ажиллаж байна. Мөн аймгийг хөгжүүлэх жилийн төлөвлөгөөг мөн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

-Түрүүний таны ярьсан дунд хугацааны үндсэн чиглэл мэдээж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөртэй уялдаж гарсан байх. Тэгэхээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хариуцагч, хэрэгжүүлэгч байгууллагууд юу хийх вэ? Хөтөлбөрүүдээ нийтэд таниулах талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Маш оновчтой асуулт байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж гаргасан. Энэ арга хэмжээний төлөвлөгөө Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,  аймгийн Засаг даргын 2021-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөрийг хөрсөн дээр нь буулгаж, хийх ажлыг жил жилд нь хуваарилан, төсөв мөнгөтэй нь тавиад 2021 онд, 2022 онд хийх ажил гэх мэтээр хэсэгчлэн судалгаа тооцоо гаргаж, цаасан дээр буулгаж, төлөвлөсөн арга хэмжээнүүд юм. Ажил хэрэг болгох ёстой төлөвлөлтийн баримт бичиг гэж ойлгох хэрэгтэй. Энэ төлөвлөгөө хэрэгжих ёстой, төр захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд, мөн энэ төлөвлөгөөнд бууснаар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх тухай заалтууд ч орсон байгаа. Үүнтэй холбоотой ажлууд үе шаттайгаар хэрэгжинэ.

Тиймээс бид энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр холбогдох хэлтэс, агентлагуудад чиглэл өгч, цаасан суурьтайгаар ч, файлаар ч тараасан. “Дархан-Уул аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүд 2021-2025” нэртэй хэвлэмэл ном гаргаж гарын авлага болгон, төр болон нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Энэ гарын авлагыг ширээний ном болгоод Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн төлөвлөгөөгөө цаасан суурьтай хүлээж аваад сар сард нь юу хийх вэ гэдгээ тухайн байгууллага төлөвлөж ажиллах бүх боломжийг нь нээж өгч байна гэсэн үг юм. Бид байнгын хяналт тавьж гүйцэтгэлийг нь хангуулахын төлөө ажиллана. Төрийн захиргааны, төрийн үйлчилгээний байгууллагууд хэн гүйцэтгэж, хэн удирдлагаар хангаж, хэн хяналт тавих вэ гэдэг нь бүгд зохицуулагдсан байдаг учраас бүх юм тодорхой гэж хэлж болно.

-Саяны хөтөлбөр, төлөвлөгөөнүүдийн хэрэгжих үндэслэл нь хэр зэрэг байна вэ? Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөр боловсруулахад иргэдээс олон санал авсан гэсэн. Иргэдийн болон мэргэжлийн байгууллагуудын өгсөн саналууд уг хөтөлбөрт хэр зэрэг туссан бэ?

-Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа иргэд, төрийн ба төрийн бус байгууллагуудын саналыг авч тусгах тухай “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хуульд маш тодорхой зааж өгсөн байдаг. Энэ чиглэлээр бид 2020 оны наймдугаар сараас эхэлж иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудаас онлайн, бичгээр саналуудыг нь авахад давхардсан тоогоор нийтдээ 400 гаруй санал ирсэн. Бид эдгээр саналуудыг нэгтгэж  боловсруулаад аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах   ажлын хэсгүүдэд өгч, судалгаа хийснээр  уг саналуудыг нэгтгэн, Иргэний танхимын хэлэлцүүлэг, ИТХ-ын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр тус тус хэлэлцүүлж шат шатны хэлэлцүүлгүүдээр дамжаад, хуулийнхаа хугацаанд буюу 12 дугаар сарын тавны дотор багтах ёстой тул бид 12 дугаар сарын дөрвөнд ИТХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Хуульд зааснаар дээрх хоёр хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн төслийг батлуулахын өмнө Монгол Улсын Үндэсний Хөгжлийн газарт явуулж хянуулан, үнэлэлт дүгнэлт авах хуулийн заалттай. Үүний дагуу бид ҮХГ-т явуулж хянуулан “боловсруулалтын түвшин хангалттай” гэсэн дүгнэлт авсан. Бид энэхүү дүгнэлтийг үндэслэж, Дархан-Уул аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн  баримт бичгүүдийг аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулж батлуулсан юм.

-Хөтөлбөрүүд хэрэгжих эхний жил нь 2021 он. Дөнгөж эхэлж байгаа болохоор хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэгч байгууллагуудад хүргэж түгээх, тэд бэлтгэл ажлаа хангах, мөн олон нийтэд сурталчлан мэдээлж байгаа талаар?

-Аймгийн Засаг даргын орлогчийн баталсан “Бодлогын бичиг баримтын хэрэгжилтийн төлөвлөгөө боловсруулах  цаглавар” гэж бий. Энэ цаглавраар бол бид саяны бодлогын баримт бичгүүдтэй холбогдуулж байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг нэгдүгээр сарын 15-ны дотор батлуулах ёстой байсныг хугацаанд нь батлуулсан. Энэхүү гүйцэтгэлийн төлөвлөгөө нь саяны хөтөлбөрүүд шингээд орчихсон төлөвлөгөө юм. Дээр нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө байна. Бид яг энэ хугацааг барьж ажиллаж байгаа. Төлөвлөгөө маань ажил болгоноор тус бүрдээ задраад түрүүний 267 ажил буцаад 400-гаад ажил болж дахин задарч, улам нарийсч бүр тодорхой болж байна гэсэн үг. Мөн  аймгийн стратеги төлөвлөгөөг гуравдугаар сарын 31-ний дотор боловсруулж батлуулах ёстой. Холбогдох журамд зааснаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг  боловсруулж баталснаас хойш хоёр сарын дотор тухайн нутаг дэвсгэрийн стратеги төлөвлөгөө боловсруулж батлуулах ёстой. Энэ хугацааг барьж бид стратеги төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна. Тэгэхээр аймгийн Засаг даргын орлогчийн баталсан цаглавраар бүх ажил явж байгаа учраас 2021 оны төлөвлөгдсөн ажлуудыг цаг хугацаандаа хийж байгаа гэж ойлгох боломжтой.

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, таван жилийн дунд хугацааны үндсэн чиглэл бүгд батлагдаад, эдгээрийг хэрэгжүүлэх ажил эхэлчихлээ. Энэхүү 2021 он аймгийн хувьд ямар онцогтой жил болох вэ?

-Гарааны жил буюу 2021 он бол Ардын хувьсгалын 100 жил, Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа жил. Тиймээс энэ бодлогын баримт бичгүүдээс гадна Дархан хотынхоо 60 жилийн ойг угтаад “Жаран бүтээлч ажил” хийхээр төлөвлөж байна. Дээр өгүүлснээр аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулахтай холбоотой иргэд,олон нийтээс ирүүлсэн саналын дотор Дархан хотын 60 жилийн ойг угтаж тодорхой бүтээлч ажлуудыг хийх саналууд цөөнгүй ирснийг бид тусгаж авсан. Үүн дээр үндэслэж ойгоо угтаж хийх 60 бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэлийг нь хангахаар ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын тогтоолоор хотын ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах комиссыг томилсон. Ойн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр аймгийн Засаг даргын орлогч нараар ахлуулсан хоёр ажлын баг гарсан. Нэг нь: нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн чиглэлээр ой угтаж юу юу хийх вэ гэдгийг, нөгөө нь :хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр хийх ажлуудыг төлөвлөхөөр хоёр ажлын баг ажилдаа орж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ