Орчны бохирдлыг бууруулах ажил 75,5 хувийн гүйцэтгэлтэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-24 10:32:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчны бохирдлыг бууруулахад өнгөрсөн онд 77,3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн ч 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 58,3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 24 үйл ажиллагааг санхүүжүүлж, 75,5 хувийн гүйцэтгэлтэй байв.


Үүнээс агаарын бохирдлыг бууруулахад 10,41 тэрбум, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах, түлшний хэрэглээг нэмэх, хяналт тавихад 25,91 тэрбум, айл өрхийн цахилгаан хангамж, шөнийн тарифын хөнгөлөлт, эрчим хүчний шугам сүлжээг сайжруулахад 16,25 тэрбум, хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулахад 5,778 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.


Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлтэй холбоотой Сангийн яамнаас санхүүжилт хүлээгдэн, зарим гэрээт ажил эхлээгүй тул он дамнан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо мэдээлэв.


Ингээд агаарын бохирдлыг бууруулахад 6,345 тэрбум, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих, угаарын хийн мэдрэгчийн автомат сүлжээ мэдээллийн нэгдсэн төв байгуулахад 942 сая, айл өрхийн цахилгаан хангамж, шөнийн тарифын хөнгөлөлт, эрчим хүчний шугам сүлжээг сайжруулахад 2 тэрбум, хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулахад 3,311 тэрбум төгрөг нийт 12,598 тэрбум төгрөгийн 42 гэрээт ажил хэрэгжүүлэх юм.

Холбоотой мэдээ