Төмөр замын бэхэлгээний системийн зарим хэсгийг Монголд үйлдвэрлэх санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-26 10:52:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад төмөр замын салбарт томоохон төслүүд хэрэгжүүлэхэд бэхэлгээний хэрэгцээ нэмэгдэх, цаашлаад бүс нутгийн хэмжээнд экспортлох боломжтой тул бэхэлгээний тодорхой бүрдэл хэсгийг Монголд үйлдвэрлэх хүсэлтэй байна.


Үүнийг анхаарч, дэмжихийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтэй өчигдөр цахимаар уулзах үеэр хүссэн юм.


Цахим уулзалтын үеэр талууд Монгол, Британийн тээврийн салбарт өрнүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид анхаарч ажиллах чиглэлүүдээр ярилцав.


Сайд Л.Халтар Монгол Улсын төмөр замын салбарт Британийн төмөр замын өндөр технологи шингээсэн төмөр замын рельс төмрийн бэхэлгээ, төмөр бетон дэр нэвтрүүлж ашигладаг. Одоо хэрэгжиж байгаа, цаашид хэрэгжих шинэ төмөр замын төслүүдэд зам төмрийн бэхэлгээг үргэлжлүүлэн авч ашиглах сонирхолтой байгаа”-гаа илэрхийлэв. Үүнтэй холбоотой төмөр замын барилгын ажлыг хуваарийн дагуу явуулахад шаардлагатай бэхэлгээг шуурхай тогтвортой нийлүүлэх шаардлагатайг хэллээ.


Түүнчлэн бэхэлгээ нийлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэхээр Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн санхүүгийн үйлчилгээг авах боломжийг хамтран судлахыг санал болголоо.


Элчин сайд Ф.Малоун Британийн компаниуд Монголын зах зээлд ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, сайд Л.Халтарын тавьсан саналыг анхаарч дэмжихээ илэрхийлэв.


Тэрбээр, төмөр замын бэхэлгээний системийн тодорхой хэсгийг Монгол Улсад үйлдвэрлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үйлдвэрлэгч компани шийдвэрээ гаргахна. Одоогоор Монголын хувийн хэвшлийн компанитай хамтран резинэн, хуванцар эд анги үйлдвэрлэх судалгаа хийж байгааг дурдав.


Бэхэлгээний худалдан авалтын санхүүжилтийг шийдэхэд Британийн холбогдох агентлаг үйлчилгээ үзүүлэхэд бэлэн, нийлүүлэлтийг саадгүй шуурхай гүйцэтгэхэд анхаарч дэмжихээ тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ