Сэжигтэй нэг тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-02-27 13:56:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-ны өдөр ОХУ-аас 43 иргэн Алтанбулагийн хилийн боомтоор нэвтэрсэн байна. Тус иргэдийг Дархан-Уул аймагт тухайн өдрийн орой ажиглан тусгаарлах байранд шилжүүлжээ.

Өчигдөр буюу 2 сарын 26-ны өглөө дээрх иргэдээс коронавирусний шинжилгээ авчээ. Оройн 22.00 цагийн орчим хариу гарахад нэг иргэний шинжилгээ сэжигтэй гарсан бөгөөд тухайн иргэнийг өнөөдөр өглөө 08.00 цагт Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү шилжүүлжээ. ХӨСҮТ рүү явуулах хугацаанд ажиглан тусгаарлах байрнаас Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлсэн байна. 43 иргэний 15 нь ОХУ-ын харъяат иргэн бөгөөд 9 том хүн, зургаан хүүхэд байсан. Харин үлдсэн 27 нь Монгол Улсын иргэн бөгөөд нэг хүүхэд байжээ.

Халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн нэг хүн нь Монгол Улсын иргэн аж. Тухайн иргэдээс явуулын шинжилгээний баг тусгаарлалтад байсан “Гранд Яак” зочид буудалд очиж шинжилгээ авсан байна. Тиймээс иргэд сандрах зүйлгүй, үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллаж байгаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдэгдлээ.

Холбоотой мэдээ