Агаарын тээвэрлэгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хамтарна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-02-28 10:27:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын аялал жуулчлалын салбартай хийсэн уулзалтын мөрөөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ЗТХ-ийн сайд Л.Халтар нар агаарын тээврийн бүх авиа компаниуд, аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзав.


Уулзалтаар агаарын тээвэрлэгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, тулгарч буй бэрхшээлийг шийдэх, нэг ойлголттой болох, Засгийн газраас дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, зорилтыг тодорхой болгох талаар санал солилцсон юм.


Түүнчлэн хоёр салбарын хөгжилд хамтын ажиллагаа, төлөвлөгөө боловсруулж Засгийн газраар батлуулахыг ярилцлаа. Ингэхдээ дундын сан байгуулж, татаас өгдөг байх нь зүйтэй гэдэг саналыг агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын салбарын төлөөллүүд дэвшүүлсэн юм.


Аялал жуулчлалын салбарынхан ИНЕГ-ын даргын дэргэд хоёр салбараас бүрэлдсэн зөвлөл байгуулж, цаашид хамтарсан төлөвлөгөө боловсруулж ажилладая гэсэн санал гаргаж, агентлагийн дарга Л.Бямбасүрэн дэмжлээ. Уулзалтаас гарсан санал дүгнэлтийг яамдууд боловсруулж, улмаар Засгийн газраар батлуулахаар төлөвлөж байна.


Уулзалтад ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн агаарын тээвэрлэгчдийн тогтмол нислэгийн хуваарь, суудал ашиглалтын судалгааг танилцуулсан юм. Мөн агаарын тээвэрлэгчид цар тахлын дараах парк шинэчлэл, шинэ нислэгийн чиглэлийн төлөвлөгөөгөө танилцуулж, мэдээлэл солилцлоо.

Холбоотой мэдээ