Улаанбаатараас ирсэн иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдана

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-03-02 10:58:27

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штабаас Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой иргэдээс дараах асуултуудыг олноор ирүүлсэн тул мэдээллийг нэгтгэн хүргэлээ.

1. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу PCR шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байна. Хүний биед коронавирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэж, шинжилгээнд илрэх боломжтой учраас дээрх хугацааг тогтоосон.

2. Иргэд орон нутаг руу зорчихоосоо өмнө шинжилгээ өгөөд, хариу гарсны дараа хөдөлгөөнийг эхлүүлнэ. Хоол хүнсээ базааж, замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй явахыг хичээх хэрэгтэй. Иймд зорьсон газраа очсон хойно шинжилгээний хариу 72 цаг өнгөрсөн ч хүчинтэйд тооцно.

3. Орон нутаг руу гэр бүлээрээ зорчиж буй тохиолдолд бүлийн гишүүдийн аль нэг нь шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол шинжилгээ өгсөн байхыг шаардана.

4. Тухайн орон нутгийн байнгын оршин суугч Улаанбаатараас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана. Учир нь нууц үеийн хугацааг ийнхүү тооцож буй.

5. Нийслэл рүү зорчих иргэд шинжилгээ өгөхгүй, асуумж бөглөөд товчоодоор нэвтэрнэ. Учир нь ногоон бүс буюу халдваргүй газраас ирж байгааг харгалзсан болно. Буцахдаа шинжилгээ заавал өгнө.

6. Хэрвээ нийтийн тээврээр зорчих бол автобусны тасалбараа зөвхөн цахимаар захиална. /шинжилгээний бичиггүй бол захиалах боломжгүй/

7. Хувийн автомашинаар зорчиж буй иргэд иргэний үнэмлэх болон хувийн мэдээлэл нотлох бусад бичиг баримтаа заавал биедээ авч явах

8. Улаанбаатар хотод халдварын тархалт буураагүй, эрсдэлтэй бүс хэвээр байгаа. Хэрэв та хот хооронд хөдөлгөөн хийх бол заавал шинжилгээнд хамрагдаж, гэр бүл, нутаг орноо эрсдэлээс хамгаалж хариуцлагатай хандахыг уриалж байна.

Холбоотой мэдээ