Манай улс 9531 иргэнээ вакцинжуулаад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-03-02 12:07:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад өнөөдрийн байдлаар, вакцинжуулалтад 9531 хүнийг хамруулаад байгаа тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ. Эмч, сувилагч зэрэг эрүүл мэндийн ажилтнууд, мөн "COVID-19" халдварыг илрүүлж эмчлэх, хариу арга хэмжээнд оролцож буй багийн гишүүд болон дайчилгаанд ажиллаж буй салбарын ажилтнуудыг хамруулж байна.


Нийслэл дэх дархлаажуулалтын лавлагаа төв болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд байрлаж буй 22 цэгт вакцинжуулалт хийж байна. 


Тэрээр, вакцин хийлгэсний дараах урвал хүндрэлийн талаар хэлэхдээ, "Коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 50-60 хувьд вакцин хийлгэсний дараах урвал илрэх магадлалтай гэж үзэж байгаа. Манай улсад вакцинд хамрагдаад буй хүмүүсийн 40 орчим хувьд хариу урвалын шинж тэмдэг илэрч байна. Тухайлбал, халуурах, толгой өвдөх, бие жихүүцэх, вакцин тариулсан газар хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр нь 2-3 хоногийн дараа арилна. Шаардлагатай тохиолдолд шинж тэмдгийг арилгах эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэж болно" гэлээ.


Одоогоор вакцины дараах ноцтой хүндрэл, урвал илэрч бүртгэгдээгүй, дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа аж. 


Дархлаажуулалт удаж байгаагийн шалтгааны тухай сэтгүүлчийн асуултад тэрээр, "Хоногт 1700 хүнийг хамруулж байна. Цар тахлын нөхцөлд хүн хоорондын зай барих, вакцинжуулалтын өмнө заавал эмчийн үзлэгт орох, вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглах зэрэг заавартай. Эдгээр дүрэм журмыг мөрдөн ажиллахад тодорхой хугацаа зарцуулагдаж байна" гэв. Манай улс коронавирусний эсрэг вакцинжуулалтыг 2 дугаар сарын 23-нд эхлээд байгаа юм. 


Холбоотой мэдээ