Тайланд вакцин хийлгэсэн жуулчдад зориулж хилээ нээхийг уриалсан аяныг эхлүүлжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-03 11:40:47

БАНГКОК. /Bangkok Post/. Тайландын аялал жуулчлалын компаниуд 7 дугаар сарын 1-нээс эхлэн вакцин хийлгэсэн гадаадын жуулчдыг тусгаарлалтад хамруулахгүйгээр хилээрээ нэвтрүүлэх асуудлыг дэмжсэн гарын үсгийг цуглуулахаар нэгджээ.


Өргөдөл гаргагчид гарын үсэг цуглуулсан бичиг баримтаа Ерөнхий сайд Прают Чан-Оча, Аялал жуулчлал спортын сайд Пита Ратчакитпракана, Тайландын Аялал жуулчлалын газрын тэргүүн Ютасак Супасорна нарт дамжуулан өгөх аж.


Open Thailand Safely” буюу “Тайландыг аюулгүйгээр нээ” нэртэй кампанит ажил мягмар гарагт эхэлснээс хойш нийт 100 мянган гарын үсэг цуглуулах шаардлагатайгаас нэг өдрийн дотор 2.2 мянга гаруй гарын үсэг цугларч чадсан байна. 


“Засгийн газарт хандсан өргөдөлдөө бид 7 дугаар сарын 1-нээс эхлэн вакцин хийлгэсэн аялагчдад зориулж хилээ нээхийг хүсэж буйгаа илэрхийлсэн” хэмээн өргөдлийг санаачлагчдын нэг мэдэгджээ.


Жуулчид Тайланд руу нисэхээс өмнөх 72 цагийн дотор эх орондоо коронавирусний вакцин хийлгэснээ нотлох бичиг баримт, даатгал, шинжилгээ нь сөрөг гарсан хариугаа үзүүлэх шаардлагатай аж. 


Хилээ нээх өдрийг товлох

Нийгмийн илүү эмзэг бүлэг, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулж эхэлсэн учир хилээ нээх өдрийг товлох цаг нь болсон гэж өргөдөл гаргагчид үзэж байна.


“Ингэснээр олон улсын аялагчдад итгэл төрүүлж, тэд Тайланд руу аялж эхлэх болно. Тайландын аялал жуулчлалын операторууд бизнес төлөвлөгөөгөө эхлүүлж, урьдчилсан захиалгаа авч, ажилтнууд хөлслөх, сургалт явуулах боломжууд нээгдэх юм” хэмээн өргөдөлд дурджээ. 


Хилээ нээхгүй бол аялагчдад олон сонголт үүсэж Тайланд бүтэн нэг жилийн хугацааг алдана хэмээн аяныг санаачлагчид болгоомжилж байна. Тийнхүү энэ санааг бүрэн дэмжсэн аялал жуулчлалын салбарын 20 гаруй төлөөлөгчийн гарын үсгийг цуглуулсан байна. 


Түүнчлэн өргөдөл гаргагчид аялал жуулчлалын салбарт учирсан хохирол хийгээд өнөөгийн нөхцөл байдал тогтворгүй байгааг илэрхийлсэн нээлттэй захидлыг материалдаа хавсаргажээ. Өнгөрсөн онд аялагчдын тоо 83 хувиар буурснаар Тайландын аялал жуулчлалаас олдог орлого 63.1 тэрбум ам.доллароос 10.96 тэрбум ам.доллар болж буурсан байна.


"Цар тахал дэгдэж эхлэхээс өмнөх үеийн аялал жуулчлалын хэвийн гольдрилдоо орохын тулд Тайландад дор хаяж нэг жил магадгүй түүнээс ч илүү хугацаа шаардлагатай байна. Долдугаар сарын 1-нээс хилээ нээснээр Тайландын хувьд азийн орнууд дундаа тэргүүлэгч байр сууриа батлан харуулах боломж бөгөөд 2022 оны улс орны эдийн засгийг сэргээх үндэс суурь нь болох юм” хэмээн өргөдлийг санаачлагчид цохон тэмдэглэжээ. 


Тайландын вакцинжуулалт

Хоёрдугаар сарын 28-наас Тайландын 13 мужийн оршин суугчийг Хятадын “Sinovac” компанийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ. Коронавирусний вакцинжуулалтын пасспорт олгох асуудлыг судлахыг Ерөнхий сайд Гадаад хэргийн яам, Эрүүл мэндийн яаманд үүрэг болгосон байна.


Хохирол учирсан аялал жуулчлалын салбарыг сэргээхийг зорьж буйтай холбогдуулан эрх баригчид вакцин хийлгэсэн жуулчдад авах тусгаарлалтын арга хэмжээний асуудлыг ирэх долоо хоногоос хэлэлцэх төлөвтэй байна. Вакцин хийлгэсэн жуулчдыг тусгаарлах хугацааг 14 хоногоос гурав болгож багасгах юмуу бүрмөсөн цуцалж магадгүй аж.

Холбоотой мэдээ