Хүүхэд багачуудыг хил орчмын бүс нутгаар аялуулахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-04 11:38:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл энэ сарын 3-нд хуралдав.

Энэ үеэр аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тус зөвлөлийн бүрэлдэхүүнд 19 хүн байхаар шинэчлэн баталлаа.

Тус зөвлөл нь 2020 онд улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах, Хилийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 30 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улмаар төлөвлөгөөт ажлаа 75.8 хувьтай хэрэгжүүлсэн байна.

Коронавирусний халдварын тархалтын улмаас зарим уулзалт, зөвлөгөөн, хөрөнгө оруулалтын ажлыг хийгээгүй гэж албаны эх сурвалж танилцууллаа.

Харин энэ онд зарим заставын уулзалтын байрыг сэргээн засварлах, худаг ус гаргах, шаардлагатай техник хэрэгслээр хангах зэрэг 25 ажил хийхээр төлөвлөжээ.

Мөн хүүхэд багачуудыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, түүхийн мэдлэг эзэмшүүлэх зорилгоор хил орчмын бүс нутгаар тойрон аялал зохион байгуулахаар тусгасан байна. Одоогийн байдлаар хугацаа, маршрут зэрэг нь хараахан тодорхой болоогүй байгаа аж.   

Холбоотой мэдээ