Ууган агентлагийн мэдээллийн далайд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-03-05 15:38:10
@ShoovdorBatbold

Д.Баярхүү ГХЯ-нд хэвлэлийн бага хурал дээр


Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооноос 1985 онд 137-р тусгай тогтоол гаргаж, МОНЦАМЭ-г түшиглэж сөрөг сурталчилгааны Ерөнхий редакцийг МОНГОЛПРЕСС агентлаг нэртэйгээр байгуулах юм боллоо. Намайг редактороор нь авахаар шийджээ. Би тэгэхэд БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд дадлагажигчаар ажиллаад дөнгөж буцаж ирээд байв. Би ч зөвшөөрч, 1986 оны эхнээс тэр шинэ албандаа орлоо. Бид байр олох хэрэгтэй болоод хайж хайж төв шуудангийн арын хоёр давхар цагаан байшингийн 2-р давхрын зүүн үзүүрийн заалыг сонголоо. Тэнд манайтай зэрэгцээд хятад хэлээр хэвлэгддэг “Монголын мэдээ” (“Мэнгү Сяосибао”) сониныхон өмнөхөн нь нүүгээд орчихжээ.  Тэд түрүүлж орсноороо наран талын өмнө хэсгийг нь, бид сүүлдэж орсноороо сүүдэр талын хоймор хэсгийг нь  эзэгнэнхэн төвхнөлөө. 


Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны 137-р тусгай тогтоолын дагуу намын үүрүүдэд ухуулгын гарын авлага маягаар тараах ямар нэгэн сэтгүүл бодож ол гэсэн үүргийг дээрээс өгчээ. Ерөнхий редактор М.Баяртогтох бид хоёр бодож бодож “Цаг үе” хэмээн нэрлэсэн нэг хэвлэлийн хуудас сэтгүүл гаргахаар саналаа дээшээ өглөө. М.Баяртогтох гуай бид хоёрыг төвхнөөд даан удаагүй байтал С.Баяр (хожмын Ерөнхий  сайд) маань нэмэгдээд бүл нэмлээ. М.Баяртогтох МОНГОЛПРЕСС-ийн Ерөнхий редактор, С.Баяр гадаад хэвлэл хариуцсан ахлах редактор, би монгол сэтгүүл хариуцсан ахлах редактороор томилогджээ. МОНГОЛПРЕСС-ийн дарга нь МРТУХ-ны орлогч дарга Д.Чимэддорж гуай юм гэнэ.   


Ингэж л М.Баяртогтох, С.Баяр, Д.Баярхүү гурав МОНГОЛПРЕСС-ийн шавыг тавьж, “Цаг үе” сэтгүүлийн анхны дугаарыг эрхлэн гаргасан билээ. “Цаг үе” гэдгээ улаанаар бичсэн, хөх хүрээтэй, нүүрэн дээрээ гарчиг нь бичээстэй жижиг сэтгүүл сард 3 удаа, 10 хоногтоо 1 удаа хэвлэгдэж намын үүрийн дарга нарт очиж, ухуулга суртал нэвтрүүлэгт ашиглагдаж эхэлсэн түүх ингэж эхэлжээ. Тухайн цагтаа их л эрэл сурал болж, олдоц муутай, үнэд орж байсныг санаж байна. Энэ маань ингэхэд Монголын түүхнээ, Монголын хэвлэлийн түүхнээ олон улсын харилцааны асуудлаар хэвлэгддэг анхны сэтгүүл байсан юм. Хэрэв томруулж авч үзвэл Монгол Улсын түүхнээ анхны хэвлэлийн агентлаг нь МОНГОЛПРЕСС, түүний анхны  редактор нь би юм. Тэгэхээр яаж ч үгүйсгээд түүхэнд нэрээ үлдээж таарч байна. 


Би “Цаг үе”-ээ, С.Баяр “Монгольские новости” бюллетениэ хариуцна. Тэр нь орос, англи, францаар 10 хоног тутамд хэвлэгддэг мэдээллийн сэтгүүл. Монгол хэвлэл дээр миний дор ажиллахаар МОНЦАМЭ-гээс И.Чулуунхүү, Г.Балдандорж, Б.Зоригт нар, С.Баярын дор ажиллахаар Ленинградад дөнгөж төгссөн сэтгүүлч Д.Ариунболд (хожим МОНЦАМЭ агенлагийн Ерөнхий захирал асан), “Новости Монголии” сониноос Р.Баяр нар ирж бид нэг хамт олон бүрдлээ. Харин бичээч тогтдоггүй. Би хажиглаад миний гарын аяыг даах хүн алга гэсээр Пятигорскийн гадаад хэлний сургуульд суралцсан Ц.Алтанцэцэгийг  (Монгол ТВ-ийн) бидэнд дээрээс тулгаж өглөө. Үнэндээ ч хичнээн 10 хурууны сайн бичээч байлаа гээд, тэр олон хэлээр машиндана гэдэг боловсрол шаардах нь зүй. Машиндсанаа засна гэж дахин машиндана. Манай Алтанцэцэг сайн машиндана. Тэр үед штрих гэж нэн ховор. Хумсны цагаан лакаар л засаад машиндаад байх нь тэр. 



 МОНГОЛПРЕСС ерөнхий редакцийн хамт олон 1986 он


Тэр үед миний ажил, амьдрал жигдрээд, МОНЦАМЭ агентлагийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны даргын сонгуульт албанд өөрөө дурлаагүй хэрнээ тавигдаж даргын сэтэр зүүж нэг үзэв. Тэр ажлыг нь би ч “хийх” шиг болсон доо. Цалин орлого ч овоо нэмэгдлээ. Энэ хооронд маш их зүйл бич¬ив. Нэг онд гурван ч газрын оны шагналын эзэн болов. МАХН-ын Төв Хорооны “Ухуулагч” сэтгүүлийн 1987 оны шагнал, МЭДН-ийн Захиргааны тэргүүний лекторын 1987 оны шагнал хүртэв. “Улаан од”-ыг олон жил мөлжсөнийх 1987 онд оных нь шилдэг бичлэгийн шагнал аваад, 1988 онд бүр БХЯ-ны Хүндэт жуухаар шагнуулав. Бичсэн маань бүгдээрээ олон улсын харилцааны асуудал. Бүр хэдэн зуугаар ярина. 1986 онд 91, 1987 онд 83, 1988 онд 84, 1989 онд 66 гарчиг нийтлэл гээд (ганц нэг ярилцлага бас бий) жагсаж өгнө шүү дээ. Мөн  олон улсын харилцааны тулгамдсан чухал асуудлуудаар 5 товхимол хэвлүүлэв. Үүнд зэвсэг хураах асуудал, бүс нутгийн аюулгүй байдал, НҮБ, Горбачевын энх тайванч гадаад бодлого гэхчлэн сэдэв давамгайлав (Энэ амжилтыг маань (тоо ба чанараар) эвдсэн сэтгүүлч одоо ч хүртэл манайд алга байгаа, миний баттай мэдэж байгаагаар).

 

Өдөр бүр өглөө 07.00  цагт босч, цайгаа уучихаад ажил эх¬лэхээс өмнө ажил дээрээ ирж сэтгүүлийнхээ өгүүллүүдийг бичнэ. Бүтэн сайнд сууна. “Цаг үе”-ийн эхний ганц нэг дугаарыг цулгуй тексттэй явуулж байсныг би өөрчлөөд энд тэнд нь зураг чимэглэл хийгээд, шугамдаад, хүрээ татаад, дизайн оруулаад үзэмжийг нь огцом сайжруулав. Миний зураачийн авьяас тодорсон юм байлгүй, улам сайжруулаад зураг хөрөг, элдэв диаграм хүснэгт ч оруулдаг боллоо. Машиндаж дууссаны дараа би дизайнаа хийгээд суучихна. Өөрөө ч дуртай. Ингээд давхар мэргэжил эзэмшээд авч байгаа юм. Эцэслээд дуусмагц Г.Балдандорж гуай Улсын гэрэл зургийн газрын хэвлэх рүү хүргэж өгнө. Тэнд Баярбилэг, Туул гэж туршлагатай нөхөд хүлээн аваад копи хийгээд тугалган (фойлго) дээр буулгана. Тэгээд л хэвлээд байх нь тэр. Би л лав “Цаг үе”-ээ 7, 17, 27-нд шилжүүлээд гурав хонуулаад 10, 20, 30 гэж өдөр тавьж хэвлэж байв. Хэвлэлтэд Балдандорж гуай хяналт тавина. 


Манай Балдандорж гуай бол амьдаараа домог болсон хүн, мөн ч их юм ярьдагсан. Улс төр, түүх, хүмүүсийн тухай маш их мэдлэгтэй. СССР-ийн түүхийн амьд толь л гэсэн үг. Аргагүй юм. Тэрээр  ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургууль дүүргээд, МОНЦАМЭ-д дарга даамал л хийж явсан, хашир туршлагатай. Аугаа их эх орны дайн эхлэхэд Киевт цэргийн холбооны сургуульд курсант байж таараад дайнд оролцсон гэдэг байв. Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургуульд олон жил багшилснаас түүний гараар орсон олон сурагч хожмын цэргийн жанжин, генерал, хурандаа нар болцгоожээ. Тэднийг хэрхэн дэглэж байснаа хуучилна. Тэрээр хур баян айлын удамтай, өөрөө ч тэр үедээ лут хур баян гэлцдэг байв. Тэр үед МРТУХ-нд үлэмж баянд нь Балдандорж гуай, Доёд гуай, Бээжинд сурвалжлагч байсан, “Монголын мэдээ” сонины орлогч Я.Ламзав гуай нарыг нэрлэж байв. Намайг Бээжинд байсан, сольж өмсөх олон гутал хувцастайн хувьд баян гэж ярьцгаадаг байсан юм билээ. Балдандорж гуайн хур баяныг нотлох, нийтэд ил болчихсон нэгэн домог бий. Тэрээр Хэнтий дэх дивизэд холбооны дарга хийж явсан,  хошууч цолтой байсан юм уу даа, хот руу цалинд явуулсан машин нь байдаггүй, замдаа суучихсан, баяр дөхөөд дивизийн офицеруудын цалин тавьж олгох шаардлагатай, ингээд дивизийн захирагч нь манай хүнийг гуйжээ. Мөнгө зээлүүлээч, Улаанбаатараас ирэх мөнгийг танд тоо ёсоор өгнө гэж баталгаа өгч байж мөнгө зээлсэн гэдэг юм. Дивизийн  бүх офицер, ахлагч нарын хагас сарын цалинг 5 ханатай гэрээсээ олгочихно гэдэг 1940-өөд оны сүүлчээр бол толгойд багтахгүй их тоо гарна даа. 


Манай Балдандорж гуай их мэдэмхий, ярьсандаа их итгэлтэй. Нэг удаа тэр бардам занг нь би дарсан юм. К.У.Черненког анх Ерөнхий нарийн бичгийн даргаар хэн дэвшүүлсэн бэ гэж тойрч маргаад мөрийцөх дээрээ тулав. Мань хүн болохоор Горбачев долгинож    дэвшүүлсэн, тэгээд түргэн үхүүлээд оронд нь суучихлаа гэв, би болохоор үгүй ээ, СССР-ийн Сайд нарын Зөвлөлийн дарга Н.А.Тихонов дэвшүүлсэн гэв. Тэгж тэгж нэг шил архиар мөрий тавилаа. Мань хүн өөртөө итгэлтэй тул: – Маргааш шил архиа аваад ирээрэй, олигтойхон үнэтэй архи авчраарай гэж байна. Би ч бас өөртөө итгэлтэй, хэлснийг нь мөн эргүүлж хэллээ. - Гонж, чи ялагдсан гэж байна. Надад архи хэрэг болсондоо бус, би Балдандорж гуайн хэт мэдэмхийрдэг омгийг даръя гэж бодлоо. Нөгөө талаас мань хүний жооронд 20-30 жил хадгалсан гадаадын бэлгийн архинууд их бий гэж гайхуулдаг тул түүнээс нь авъя  гэсэн шунал хөдлөхгүй юу. Ингээд би маргааш нь ЗХУКН-ын Төв Хорооны ээлжит бус бүгд хурлын тухай мэдээ бүхий “Правда” сониныг нь бүрэн эхээр нь аваад ирлээ. Мань хүн мад.

- Ямар сонин юм бэ гээд л дахин дахин уншаад байлаа. Уурлаж байгаа гэж жигтэйхэн, мөрийн дээр анх удаа алдаж үзэж байгаа нь тэр гэнэ. Уурандаа гарч давхиад нэг шил сармай дээлт (45 төгрөгийн улаан эрээн шошготой хүчтэй архи) аваад ирлээ. Бид тэр оройдоо редакцдаа хувааж ууж билээ. 


Надаас авахуулаад тэр өрөөнд лектор нэлээд хэд байх. Баяртогтох, С.Баяр, “Монголын мэдээ”-ний эрхлэгч Төмөр багш бид хэд ээлжлээд л бямба гаригт сонсголын цагаар өглөөгүүр, эсвэл орой лекцийн цагаар нь уригдаад МЭДН-ээс 19 төгрөг цохиод байх нь тэр. 


1986 оны хавар (4 дүгээр сарын 15) болсон нэгэн хөгтэй явдлыг энд дурсая. Тэр үедээ тэгж их сүржигнэж байснаас бус өнөөдөр бол хөгтэй гэхээр барахгүй, бүр инээдтэй хэнээтэй явдал л даа. Ливи улсыг терроризмыг өөгшүүлж байна гэж үзээд Америкийн нисэх хүчин Британи дахь баазаасаа хөөрч бөмбөгджээ. Триполи, Бенгази хотууд, Каддафийн өргөө өртөж хүний амь нас  сүйджээ. Манай улс мэдээж СССР-ийг дагаад л Ливийн талд баттай зогсож  эсэргүүцлээ илэрхийлэх боллоо. Хэрэв Улаанбаатарт АНУ-ын ЭСЯ байсан бол гадна нь цуглаан зохион байгуулах ч юм уу, ГЯЯ дээр дуудаж эсэргүүцлийн ноот өгөх байлаа. Даан ч тэр нь байхгүй, манай улс АНУ-тай дипломат харилцаагүй. Одоо яахав. Хэнд эсэргүүцлийн дуу хоолойгоо хүргэх вэ? Намын Төв Хороон дээр ярьж ярьж Улаанбаатар дахь Их Британийн ЭСЯ-нд эсэргүүцэл илэрхийлэхээр шийдэв. Нэгэнтээ Америкийн империализмын хамсаатан, түрэмгийлэлд нутгаа ашиглуулж хамсан оролцсон гэж үзжээ. Хэнээр эсэргүүцлээ илэрхийлүүлэх вэ? Монголын олон нийтийн төлөөлөл болгон манай МОНГОПРЕСС агентлагаар эсэргүүцлийг нь хүргүүлье. Яахаараа ч хэвлэлийн агентлагийг сонгож авсан юм, бүү мэд. Ингээд манай Ерөнхий редактор Баяртогтох, хэлмэрчээр Сүхжаргалмаа нар консулын дэнж дэх ЭСЯ руу нь автобусаар хүрч очлоо. Сүхжаргалмаа нь айж ичээд, хэл нь эвлэж  өгөхгүй сандаргасан юм байх. Гэтэл аав нь ГЯЯ-ыг толгойлоод Британийг харааж хардаж суугаа хэрэг шүү дээ. Манай хоёрыг тэгж сүржигнэхэд  англичууд хөх инээд нь хүрээд, Элчин сайд нь:

- За тэр яахав. Наашаа суу. Кофе уу. Танай тэр МОНГОПРЕСС агентлаг чинь тэгээд юу хийдэг юм гэж асуусан гэв. Англичуудын өмнө бид очкоов алдаж байгаа нь тэр гэж би бодож суулаа.           


Ер нь манай МОНГОПРЕСС агентлагийг Улаанбаатар дахь дипломат корпусынхан ихэд сонирхож хэлхээ холбоо тогтоохыг зорьж байсан юм. Урилга заллага ч их ирдэг байлаа. Ялангуяа Чучхейн үзэл суртлаа экспортлох хатуу зорилготой БНАСАУ-ын ЭСЯ байнгын харилцаа тогтоолоо. Ли Хен, Ан Сен Ир гэж миний дотно найзууд тэр үед тэнд ажиллаж бид бүр гэр бүлээрээ найзалдаг байлаа. Лаосын ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга Сумпет (Тэрбээр Лаосын ГХЯ-ны томхон дипломатч болж, ГХЯ-ндаа Төрийн нарийн бичгийн дарга, Индонез, Австрид Элчин сайдаар ажиллажээ. Бид олон жил холбоотой явсан даа) манай гэргийтэй МУИС-д хамт суралцаж төгсгөсөн гээд бид Лаосын ЭСЯ-ны байнгын зочид боллоо. Унгарын ЭСЯ-ны Д.Сабо, Л.Кути, БНАГУ-ын ЭСЯ-ны У.Хаазе (Бид өнөөг хүртэл найзалж байна. Тэрбээр БНАГУ татан буугдсаны дараа улс төрийн албанд шилжиж Берлин хотын Шенефелд дүүргийн Засаг даргаар бараг 30 жил ажилласан билээ), Синьхуа агентлагийн сурвалжлагч Сун Чэнпин, Ли Жяхао нар, Вьетнамын ЭСЯ-ны Ле Динь Тао, Нгуен Ван Тхат, Чехословакийн ЭСЯ-ны Ю.Мартоник, Я.Мегис гээд тэр үеийн олон найзаа нэрлэж байна. Тэд бол гадаад харилцаа, дипломат алба руу намайг хөтлөхөд нөлөө үзүүлсэн гэж би бодож явдаг. Тэднээс дипломат албаны гал тогооны нарийн ширийн зүйл чамгүй сурч авсан даа. 


1989 онд Монголд ардчиллын цөн түрж, тоталитари дэглэм маань ганхаж эхэллээ. Өөрчлөн байгуулалт, ил тодын тухай хэвлэж нийтлэх тусам монголчуудад оюун санааны үлэмж нөлөө үзүүлэхэд манай “Цаг үе” сэтгүүл идэвхийлэн зүтгэсэн. СССР улсад өрнөсөн өөрчлөн байгуулалт, ил тод байдал, сталинизмыг яллах кампанит ажлыг манай “Цаг үе” дугаар алгасахгүй мэдээлэхийн сацуу Зүүн Азийн хэсэг улс “Азийн бар”-ын хөгжлийн зам сонгосныг 1988 оноос бас мэдээлж байв. Ер нь “Азийн бар”-уудын туршлагыг бид л эхэлж монголчуудын сонорт хүргэсэн болов уу. Хөгжлийн өөр туршлага загвар хайх явцдаа би Өмнөд Солонгосын дотоод асуудал руу гүнзгий орж, судалгааны ажил давхар хийв. Энэ маань хожим Дипломатын академид Өмнөд Солонгосын “Умардын бодлого” сэдвээр дипломын ажил хамгаалахад үнэлж баршгүй их тус болсон. 1987 онд тус оронд болсон Ерөнхийлөгчийн сонгууль, ялангуяа Сөүлийн олимптой холбогдуулан Өмнөд Солонгосын гадаад бодлого, дотоод байдлыг дэлгэрэнгүй мэдээлж, тэр талаар би бараг мэргэжих шахуу болж билээ. 


Социалист орнуудын хоорондын маргаантай асуудлаар ч бид айж эмээлгүй  нийтэлж байв. Унгар-Румыны хоорондын хилийн ба угсаатны маргаан (1988.07.20), Унгар-Хойд Солонгосын харилцааны эмзэг асуудлыг би хэвлэлд анхлан (1988.10.20; 1988.11.10) хөндөв. Анхлан коммунист эвслийн орнуудаас Унгар зориглон Өмнөд Солонгосыг хүлээн зөвшөөрсөн эр зоригийг сайтар сурталчилъя, бидний ээлж гарцаагүй ирнэ, түүнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж би бодож байв. Социалист хань нөхдөө хэдхэн ногоон доллараар худалдлаа гээд л БНАСАУ-ын хэргийг түр хамаарагч, миний найз Ли Хен хэвлэлийн бага хурал дээр (1990.01.20) авч өгч байна. Унгарчууд арай өөр тайлбар хэлж байна. Аль алиныг нь зэрэгцүүлээд л хэвлээд байлаа.  


Сониноос манай Бат-Үүл маань “Цаг үе” сэтгүүлд ажилд оръё гээд нэг өдөр ороод ирлээ. Олон жил уулзаагүй явсан. Мань хүн Хөвсгөлөөс ирээд Одон орныг дурандах Хүрэл тогоотын станцад ажилладаг гээгүй байгаа. Манай С.Баяр дарга дагуулж орж ирээд Бат-Үүлээс шалгалт ав гэлээ. Би ч нэг юм бичүүлэх нь бичүүлсэн. Харин мань хүн тэгсгээд алга болчихоод эргэж ирээгүй. Бодвол эсэргүүцэл, бачуурлын дуу хоолойгоо гаргая хэмээн бодож манай сэтгүүлийг түших гэсэн юм болов уу. Ямар ч гэсэн манай сэтгүүлийн нийтлэлийн бодлого түүнд таалагдсан хэрэг . 


Энэ маань 1989 оны үйл явдал л даа. Ер нь тэр онд би, миний ажил их өөдрөг байсан. “Цагийн хүрд” нэвтрүүлгийн анхны дугаарын олон улсын хэсгийг би хөтөлж түүхэнд нэрээ үлдээсэн гэвэл сагсуурч байна гэж бүү бодоорой. Дотоод амьдралын хэсгийг ТВ-ийн сэтгүүлч С.Алтанцэцэг (хожим МОНЦАМЭ-гийн Ерөнхий захирал байв) хөтөлсөн юм. 1989 онд МРТУХ-ны хөдөлмөрийн аварга болж 300 төгрөгөөр (хамгийн том шагнал нь) шагнуулав. 1989 оны 12 дугаар сарын эхээр “Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөн”-д би төлөөлөгчөөр оролцлоо. Зөвлөлгөөн гэснээс Монголын ардчиллын түүхэнд холбогдох  түүхэн гэрч болсныхоо хувьд энд хэргээр дурдсу.


Судлаач-профессор, Элчин сайд асан Д.Баярхүү 

(Дашдоржийн Баярхүү нь 1984 онд МОНЦАМЭ агентлагийн Гадаад мэдээний редакцид орчуулагч-редактор,

1986-1990 онд МОНЦАМЭ-гийн МОНГОЛПРЕСС ерөнхий редакцид ахлах редактор,

хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Цаг үе” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байв)


Холбоотой мэдээ