"Анна Каренина" жүжиг үзсэн иргэдийг шинжилгээнд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-07 23:07:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүсийг энэ сарын 9, 10-нд 9.00-17.00 цагийн хооронд УДЭТ-т очиж PCR шинжилгээ өгөхийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр оройны УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр уриалав.


УДЭТ-ын "Анна Каренина" жүжгийн уран бүтээлч, ажилчин болон үзэгч зэрэг 54 хүнээс коронавирусний халдвар илэрсэн. Тус жүжгийг энэ сарын 3-6-ны өдөр нийт 900 гаруй хүн үзжээ. Халдварын нууц үеийг 4-5 дахь өдөр нь илрүүлэх магадлал хамгийн өндөрт байдаг тул шинжилгээ авах хугацааг энэ сарын 9, 10 гэж товлосон байна. 


Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан УДЭТ-аас энэ сарын 7-14-ний бүх үзвэрээ хойшлуулжээ.


Халдвар авсан хүмүүсийг харьяаллаар нь задалбал,

  • Баянгол дүүрэгт 11
  • Баянзүрх дүүрэгт 17
  • Сүхбаатар дүүрэгт 6
  • Сонгинохайрхан дүүрэгт 9
  • Хан-Уул дүүрэгт 5
  • Чингэлтэй дүүрэгт 6 байна. Энэ хүмүүс өмнө нь өндөр эрсдэлтэй хэмээн мэдээлж байсан хороодод амьдарч байгааг Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ онцолсон юм.
Холбоотой мэдээ