Дархлаажуулалтын ажлыг өргөжүүлж, өдөрт 16-20 мянган иргэнийг вакцинжуулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-03-08 17:33:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 9-нөөс дархлаажуулалтын ажлыг өргөжүүлж, өдөрт 16-20 мянган иргэнийг 85 цэгт вакцинжуулахаар болсныг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр УОК-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг нийтэд танилцуулах үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. Мөн тэрбээр, “Ирэх сард багтаж нийслэлийн насанд хүрсэн нийт иргэнээ вакцинжуулах ажлыг дуусгана. Энэ хүрээнд вакцины тухай мэдээллээр иргэдийг хангах ажлыг хийж байна. Вакциныг өндөр зохион байгуулалт дор хийхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо. Мөн халдвар хамгааллын дэглэм сахиулах, түүнд тавих хяналтыг сайжруулах, зохион байгуулалтад анхаарахыг холбогдох албанынханд өглөө. Ихэнх үзвэр үйлчилгээний газар халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллаж байгаа ч хариуцлага алдаж иргэдийг эрсдэлд оруулж байгаа байгууллагууд бий. Эдгээр байгууллагад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох шаардлагатай гэж үзлээ. Халдвар гарсан газруудыг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Үүнээс гадна “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үр дүнгүй болсон гэх шүүмжлэл бий. Гэхдээ энэ ажил үр дүнгээ өгсөн. Хэрэв энэ шинжилгээг хийгээгүй бол халдвар 6500-д хүрэх эрсдэлтэй байсан” хэмээв.


Нийслэлд бүх нийтийн хөл хорио тогтоохгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн хөл хорио тогтооно гэдгийг мөн онцолсон юм. Засгийн газар, УОК-оос олон хоног хөл хорихгүйгээр аж ахуйн нэгжүүдийг хэвийн ажиллуулах бодлого барьж байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг уриалж байна хэмээв.

Холбоотой мэдээ