Д.Сумъяабазар: Вакцинжуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-09 10:51:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОК болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд өчигдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө.


Тухайлбал, цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа ажлын зохион байгуулалтыг сайжруулах, уялдаа холбоотой ажиллах, иргэдийг вакцинжуулахад хариуцлагатай хандахыг анхааруулав.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Дүүргийн удирдлагууд хариуцлага, сахилга батыг өндөржүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх, урлаг соёлын тоглолт, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон иргэдийг гэртээ байх талаас нь мэдээлэл хүргэх, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад шуурхай хандахад нь анхаарч, уриалга, сэрэмжлүүлэг хүргэх ёстой. "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр Улаанбаатар хотын 412 мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан. Одоо вакцинжуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй” гэлээ.


Мөн тэрбээр хөл хорио суларч, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь халдвар арилсан гэсэн үг биш. Иймд төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлага, хамтын хүчээр цар тахлыг давна гэдгийг онцолсон юм.

 

Холбоотой мэдээ