Сүрьеэ өвчний гурван тохиолдол шинээр бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-11 13:01:31

Ховд /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 24-нд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиодог.  

Иймээс “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн “Сүрьеэгийн тасаг” иргэдэд цахим зөвлөмж хүргэж байна.

Сүрьеэгийн тасаг нь 12 эмч, ажилтантай. Тэдний 50 хувь нь ахлах, тэргүүлэх зэрэг эзэмшсэн байна. Тус хамт олон сүрьеэгийн эмчилгээний хяналтыг нээлттэй болгож, календарь хөтлөн ажиллаж байна. Ингэснээр бүх  эмч мэргэжилтнүүд хяналтын явцад ил тод мэдээлэлтэй болох, эмчилгээний тасалдлаас сэргийлэх боломж бүрдсэн аж.  

2020 онд нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нийт үзлэгийн 3.9 хувийг сүрьеэгийн өвчлөл эзэлж байсан. Улмаар сүрьеэ өвчний улмаас 114 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.

Мөн 2020 онд сүрьеэ өвчний нийт 56 тохиолдол шинээр бүртгэгдэж, эмчийн үзлэг, хяналтад авчээ. Харин 2021 он гарсаар сүрьеэ өвчний гурван тохиолдол шинээр бүртгэгдэж, эмчилгээ хийлгэж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Сүрьеэ өвчин бол сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар халдварладаг. Халдвартай буюу уушгины хэлбэрийн сүрьеэгийн үед хоёр ба түүнээс дээш долоо хоногоор ханиалгах, цустай цэр гарах, цээжээр өвдөх, бие сульдах, амархан ядрах, хооллох дур багасах, жин буурах, шөнө хөлрөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл оршин суугаа аймаг, сумынхаа сүрьеэгийн эмчид хандан зохих шинжилгээ, оношилгоо хийлгэхийг эмч нар уриалав. 

Холбоотой мэдээ