Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төсөл хөтөлбөрийг урт хугацаанд хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Суурин төлөөлөгч Ханнес Такачийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Хамтын ажиллагааны 15 жилийн хугацаанд ЕСБХБ-ноос Монгол Улсын хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархаж буйгаа уулзалтын эхэнд Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
ЕСБХБ нь Монгол Улсын Засгийн газартай явуулсан хамтын ажиллагааны хүрээнд нийт 114 төсөл хөтөлбөрийг 2.2 тэрбум ам.доллароор санхүүжүүлж, 2017 оноос хамтын ажиллагааны хүрээгээ улам өргөжүүлээд байна.
Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий дэд бүтэц, дулаан эрчим хүч, ногоон орон сууц, гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрөө цаашид урт хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэв.