“Монгол соёл, монгол баялаг” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-03-12 20:22:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхМонгол соёл, монгол баялагтөслийн талаар танилцууллаа.

 

Энэхүү төслийн стратеги төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар баталж, хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болсон юм.

Соёлын яамнаас төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор уг төслийг боловсруулаад байна.

Энэ удаагийн уулзалтаар уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээний нэр хүндтэй уралдаан, наадмыг бий болгох, хѳгжмийн үйлдвэрлэл, хөгжмийн бичлэгийн студи, продакшн, CD, DVD, дижитал худалдаа, караокены үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдийг бүртгэлжүүлэх, зохиогчийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчны зохицуулалт хийх зэрэг асуудлаар санал солилцов.

 

Уулзалт хэлэлцүүлэгт МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, УГЗ, Харанга хамтлагийн гитарчин, ая зохиогч Ц.Чулуунбат, УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, MMCG судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ нар оролцлоо.


Соёлын сайд дараагийн уулзалтаараа кино, дүрслэх урлагийн салбарынхантай уулзахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ