Тавдугаар сарын 1 гэхэд вакцины эхний тунг нэг сая иргэнд хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-03-14 19:39:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс коронавирусний эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж, тавдугаар сарын нэгэн гэхэд нийслэлийн нэг сая иргэнд вакцины эхний тунг хийх зорилт тавьж байна. 


НЭМГ-ын дарга Б.Бямбадорж НОК-ын 19.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлснээр, өнгөрсөн сарын 23-наас өнөөдөр хүртэл 100 гаруй мянган хүнийг вакцинжуулахад 47 цэгт 97 баг ажиллаж байна. Энэ бүрэлдэхүүнээрээ дархлаажуулах ажлыг үргэлжлүүлэхэд 56 хоног зарцуулах тооцоо гарчээ.


Тэрбээр, "Астразенека вакцины давтан тунг 4 дүгээр сарын 10-нд, “Синофарм” вакцины давтан тунг 28 хоногийн дараа буюу мөн сарын 7-нд эхлүүлнэ. Дөрөвдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын 13-нд шинэ вакцинжуулалт, давтан тарилга зэрэгцээд, эрүүл мэндийн байгууллагад ачаалал нэмэгдэх ч ард иргэдэд чирэгдэлгүй байхаар төлөвлөн зохион байгуулна. Засгийн газраас баталсан чиглэлийн дагуу 14 байгууллагын ажилчид, эрсдэлт бүлгийн иргэдээ эхний ээлжинд вакцинжуулж байна. Ирэх 7 хоногийн дунд үед 50-64 нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 18-25 насныхныг хамруулахаар бэлтгэж байна” хэмээв.

 

Холбоотой мэдээ