Э.Эрхэмбаяр: Эрүүл мэндийн байгууллагаас анх удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-18 14:07:35

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 100 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас анх удаа (зэвсэгт хүчнээс бусад) энхийг дэмжих “UNAMID” ажиллагаанд оролцоод ирсэн Мэс заслын ахлах зэрэгтэй эмч Э.Эрхэмбаяртай цөөн хором ярилцлаа.   


-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу? Ажлын гараагаа хэрхэн эхлэв?

-Намайг Энхбалжирын Эрхэмбаяр гэдэг. Ховд аймгийн Үенч суманд төрсөн. Сумандаа ерөнхий боловсролын сургууль төгсөж, 2003 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эмчилгээний ангид элсэн суралцсан. Улмаар 2009 онд хүний их эмч мэргэжил эзэмшиж төгссөн.

Хилийн цэргийн дугаар ангид дэслэгч цолтой, хүн эмнэлгийн албаны даргаар томилогдсоноор ажлын гараагаа эхэлж байсан юм.

2010 оноос эхлэн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэс заслын тасагт эмчээр ажиллаж байна. Одоо эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

мч нар энхийг дэмжих ажиллагаанд хэзээнээс оролцож эхэлсэн бэ? Таны хувьд ямар үүрэг гүйцэтгэв?

-Анх 2010 оноос эхлэн эмнэлгийн баг Хойд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн. 2014 онд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдаас энэхүү үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй эмч, эмнэлгийн ажилтнууд байгаа эсэх талаар биднээс санал авсан. Улмаар манай байгууллагаас олон эмч явах хүсэлт өгсөн юм. Би ч тухайн үед саналаа өгч байлаа.

Жил орчим хугацааны дараа буюу 2015 оны тавдугаар сард ажил үүргээ гүйцэтгээд, хагалгаатай байсан. Тухайн үед Зэвсэгт хүчний Жанжин штабаас утсаар холбогдон, Улаанбаатар хотод сонгон шалгаруулалтад оролцох санал тавьсан. Ингээд миний бие байгууллагын удирдлагад танилцуулж, Улаанбаатар хотод очиж бие бялдар, сэтгэл зүйн шалгалтад орж тэнцсэн.

Мөн гэр бүлийн гишүүдтэй удаан зөвлөлдсөний эцэст ажиллагааны өмнөх 45 хоногийн хээрийн бэлтгэлд гарч байлаа. Улмаар Хойд Судан улсын Дарфур мужид цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн “хүлээн авах, яаралтай тусламжийн бүлэг”-ийн даргаар томилогдож, ахмад цолтой нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн.

-Та цэргийн алба хаасан уу? Эх орноо хамгаалах, цэргийн албаны талаар таны бодол?

-Миний хувьд биечлэн цэргийн алба хаагаагүй. 2009 онд Хилийн цэргийн дугаар ангид эмчээр томилогдон очихдоо цэргийн тангараг өргөн, мөрдөс зүүж “хос тангарагтан” болсондоо баяртай байдаг. Улсын сүр цэрэгтээ гэдэг. Цэргийн албанд татагдаж, цэргийн эрдэмд суралцсанаар хүнд хүчрийг илүү их мэдэрч, сэтгэлийн болон биеийн хатуужил, тэвчээртэй болж, биеэ даахад суралцдаг. Арми бол эр хүний хатан зоригийг шалгаж, амьдралын сургууль нь болж өгдөг. Тиймээс цэргийн алба хаах нь эр хүн болж төрсний бахархал гэж боддог.

-Дайн, зэвсэгт мөргөлдөөн болж байгаа газарт энхийг сахиулахад олон саад бэрхшээл тохиолдсон уу?

-Мэдээж цагийн байдал амаргүй, байнгын галт мөргөлдөөнтэй, нутгийн иргэд галт зэвсгийн улмаас шархдах зэрэг  эрсдэлтэй үйл явдал байсан.

Тухайн үеийн ажиллагааны эмнэлгийн баг 68 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс 16 нь эмчийн үүргийг гардан гүйцэтгэж байв. Бид дайны дараах нөхцөл байдлыг кинон дээрээс л харж байснаас нүдээр үзэж байгаагүй шүү дээ. Иргэдийн амьдрал нь их хүнд, хүүхдүүд хөл нүцгэн, ус, хоол ундны хомсдолд орсон байлаа. Нүдээр үзэхэд үнэхээр сэтгэл эмзэглэмээр, хэцүү байсан. Буун дуу тасрахгүй тийм л нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэсэн.

Орон гэрээсээ дайжсан энгийн хүмүүс байрласан хэсэгт хүн шархадсан тохиолдол ч гарч байсан. Харуулын цэргүүд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад бүх мэдээ, мэдээллийг дамжуулдаг. Үүрэг гүйцэтгэж байх үед биднийг заналхийлсэн ямар нэгэн асуудал болоогүй.

-Сэтгэл зүйн хувьд хэр байсан бэ?

-Би анхнаасаа бэлтгэгдээд, нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэх чиглэл зааварчилга авсан болохоор ямар нэгэн асуудал тулгараагүй. Сэтгэл зүйн хямралд орохгүйн тулд өөрийгөө завгүй байлгаж спортоор хичээллэх, ном унших зэргээр цагийг өнгөрүүлдэг байсан.

Нэгэнт өөрөө шийдвэр гаргаж, шалгалтад тэнцээд явсан болохоор миний хувьд сайтар бэлтгэлтэй, өөрийгөө их дайчилсан. Харийн нутагт очсон хүн болгон эх орон, элгэн саднаа санадаг шүү дээ. Тэнд байхдаа тэнгэр нь цэнхэртсэн уудам нутагтай, агаар салхи нь үнэртэж, адуу мал нь бэлчсэн эх орныхоо сайхныг илүү мэдэрсэн.

Очсон даруй эх орон, эхнэр, хүүхдээ санах явдал байсан. Сүүлдээ ажилдаа анхаарч, өөрийн хариуцсан ажлаа сайн гүйцэтгэх гээд гэрээ санах завгүй болсон. Харин үүрэгт хугацаа дуусч, явах дөхөөд ирэхээр хоног тоолж, нутаг руугаа, гэр бүлдээ яарч эхэлсэн. Сар гаруй хугацаа үлдэхэд цаг хугацаа маш их удаан санагддаг юм билээ. Намайг явахад миний хань Б.Лхагвасүрэн давхар биетэй үлдсэн. Уулзаж амжаагүй шинэ хүүхэдтэйгээ уулзах өдрөө тоолон хүлээх бүр удаан санагдаж байсан шүү.

Энэ хугацаанд аав, ээжийнхээ тусламж дэмжлэгтэйгээр гэр бүлийнхэн маань сайн сууж, би ардаа санаа зовохгүй үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн. Бид үүргээ биелүүлэхээс гадна иргэдийг нийгэмшүүлэх, бүтээн байгуулалт өрнүүлэх гээд маш завгүй ажилладаг байсан.

-Дэлхийн хаана ч явсан монголчууд бүхий л зүйлээрээ манлайлагч байж чаддаг. Эмч нар бусдаас юугаараа “онцгой” байв?

-Тийм шүү. Сүүлийн үед энхийг сахиулах ажиллагаанд НҮБ-аас монгол эрчүүдийг оролцуулахаар урилга ирүүлж байгаа нь үнэхээр бахархах явдал. Энэ бол монголчуудын ур чадвар, тэсвэр тэвчээртэйг харуулж байгаа хэрэг гэж боддог. Манайхан бусад улс орны энхийг сахиулагчдаас авхаалжтай, түргэн шаламгай, чадварлаг, хүчирхэг, аливаа зүйлийг хурдан сурах чадвартай байдаг. Тэнд мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан ч удирдлагуудынхаа заавар, туслалцаа, дэмжлэгээр бид бүхэн ажилдаа хурдан дасаж, туршлага хуримтлуулсан.

Манай багийнхан эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж, албаа сайн биелүүлэн, хүнд хүчир ажилд шантралгүй бүтээн байгуулалт өрнүүлж, хүмүүнлэгийн ажилд оролцож байлаа. Бид цаг агаарын өөрчлөлтөд хурдан дасан зохицсон. Анхан болон хоёр дахь шатны тусламж, яаралтай сэхээн амьдруулах болон тогтворжуулах арга хэмжээ, мэс засал хийх, шүдний эрүүл мэндийн суурь үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Цэргийн болон цагдаагийн алба хаагч, орон нутгийн иргэдэд эмнэлгийн үзлэг, үйлчилгээг үзүүлж байсан. Манай багт мэс засал, дотор, мэдрэл, зүрх, нарийн мэргэжлийн эмч болон сувилагч нар байсан.

Бид эх орон, нутаг ус, цаашлаад эмнэлгийнхээ нэрийг гаргасан нь эрхэм дээд шагнал гэж боддог. Мөн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн логог Судан улс дахь хээрийн II шатлалын эмнэлгийн “Хүндэт самбар”-т байрлуулсан нь миний хамгийн том бахархал, хүндэтгэл юм.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийн төлөө” медаль, НҮБ-ын одон медалиар тус тус шагнуулсан. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, цог золбоотой монгол цэргүүд, эмнэлгийн бие бүрэлдэхүүнтэй хамтран нэг баг болж, үүргээ амжилттай биелүүлээд ирсэндээ л баяртай байдаг. Энэ бол амьдралын минь түүхэнд “шигтгээ” болсон, бас нэгэн түүхэн цаг мөч юм даа.

-Таны хувьд монгол эрчүүд ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Би эрчүүдийг хэнээс ч дутахааргүй боловсрол, мэдлэгтэй байхаас гадна гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарладаг, тэднийхээ төлөө ажиллаж, амьдарч чаддаг, бусдыг хайрлаж, өрөвдөх сэтгэлтэй, үр хүүхдэдээ үлгэрлэгч байгаасай гэж хүсдэг. Эр хүн “заавал тийм, ийм байх ёстой” гэх хэвшмэл ойлголтоос салах хэрэгтэй дээ. Эмэгтэйчүүд гэр бүлийн хүнд, хэцүү асуудал тулгарах үед үр хүүхдээ өрөвдөж, хуулийн байгууллагад хандах нь бага санагддаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санаагаар гундуу яваа олон эмэгтэй байна шүү дээ. Эмэгтэйчүүд илүү их хөдөлмөр эрхэлж, хүнд ажил хийж, том “ачаа” үүрээд явж байхад эрчүүд нь залхуурах учиргүй. Тийм болохоор эрчүүд минь “эр хүн шиг л эр хүн” байх хэрэгтэй гэж хэлмээр байна.  

- Монгол цэргийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Энэ ташрамд надтай мөр зэрэгцэн ажиллаж байсан Хилийн цэргийн дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн, цэргийн алба хаасан, хааж байгаа нийт эрчүүд болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартаа Монгол цэргийн өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.  

Бид эх орноо хамгаалах үүрэгтэй. Тиймээс монгол эрс бүгд цэргийн албыг зайлшгүй хаах ёстой шүү гэж уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ