Канад АНУ-аас 1.5 сая тун вакцин хүлээн авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-19 13:01:32

ОТТАВА. /TASS/. Их Британи, Шведийн “AstraZeneca” компанийн гарган авсан коронавирусний вакцинаас 1.5 сая тунг Канад АНУ-аас гуравдугаар сарын эцэс хүртэл хүлээн авна.


Энэ тухай Канадын нийгмийн ажил, худалдан авалт хариуцсан сайд Анита Ананд мэдэгдсэн байна. 


АНУ Канадад 1.5 сая тун вакциныг зээлээр олгоно гэсэн мэдээллийг тэрбээр батлан мэдэгдэв. “Вакциныг АНУ ойрын хугацаанд илгээнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ сарын эцсээр бид нийт 9.5 сая тун авч байна” хэмээн тэрбээр хэлжээ.


Канад “AstraZeneca” компаниас амласан ёсоор 20 сая тун вакцин хүлээн авах үедээ АНУ-аас авсан 1.5 сая тун вакциныг эргүүлэн өгөх аж.


Канад өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нөөс иргэдээ вакцинжуулж эхэлжээ. Одоогоор тус улсад Америкийн Pfizer, Moderna, Johnson & Johnson, Их Британи Шведийн “AstraZeneca” компаниудын вакциныг хэрэглэх боломжтой байна.

Холбоотой мэдээ