УИХ ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-21 12:46:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн хуваарийг гаргажээ. 


Ирэх долоо хоногт УИХ дараах асуудлыг намын бүлэг, ажлын баг, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргыг сонгох бөгөөд Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ. 


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайланг хэлэлцэнэ. Түүнчлэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайланг хэлэлцэхээр тусгажээ. 


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн ажлын багийг шинэчлэн байгуулах бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын баг байгуулна.


Нэгдсэн чуулганы баасан гаргийн үдээс хойших хуралдаанаар, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Холбоотой мэдээ