Ном хэвлэлийн бодлогыг зангидсан зөвлөлтэй болоход анхаарахыг хүсэв

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-03-22 13:42:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин утга зохиол, ном хэвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзав.

 

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо.

 

Уулзалтаар номын агуулга, стандарт, монголд хэвлэгдэн гарч буй орчуулгын зохиолыг сайжруулах, хууль эрх зүйн орчин, боловсон хүчний асуудал, дэлхийд танигдах, нөлөөлөхүйц зохиолоо олон улсад орчуулан гаргах, урлагийн шүүмж судлалыг бодитойгоор хөгжүүлэх сэдвийн хүрээнд ярилцав.

Түүнчлэн хүүхдийн зохиолчдыг төрөөс бодлоготой дэмжиж, хүүхдэд зориулсан бүтээлийг нас насны ангиллаар хэвлэн нийтлэхэд анхаарахгүй бол монгол хүүхдүүд дан гадны зохиолоор хүмүүжиж буйг онцоллоо.

 

Ном хэвлэлийн салбарынхан Соёлын сайд Ч.Номинг хүлээн авч уулзан санал солилцож буйд талархал илэрхийлээд, ном, хэвлэлийн түүхий эдийг гадаадаас үнэтэй оруулж ирснээр номын өртөг өндөр байна. Тиймээс татварын хөнгөлөлтөд анхаарах, ном хэвлэлийн бодлогыг зангидсан зөвлөлтэй болох, дижитал номын санг хөгжүүлэх, дижитал стратегийг хэрэгжүүлэх, монгол зохиол бүтээлээ олон улсад таниулах, монголч эрдэмтдийг бодлоготойгоор урин ажиллуулах зэрэг асуудалд онцгой анхаарч дэмжиж өгөхийг хүслээ.

 

Уулзалтад ЗГХА, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Номын сан ном зүйн инновацын хүрээлэнгийн тэргүүн Б.Түвшинтогтох, Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ, Монголын уран зохиолын академийн ерөнхийлөгч, МЗЭ-ийн болон Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын нэрэмжит шагналт зохиолч, доктор, профессор До.Цэнджав, ISBN агентлагийн Удирдах зөвлөлийн дарга Р.Энхбат, "Утга зохиол судлалын төв" ТББ-ын тэргүүн Д.Гүн-Үйлс, Хүүхдийн зохиолчдын "Эвт үзэг" төвийн Удирдах зөвлөлийн дарга Б.Нацагдорж, гүйцэтгэх захирал Б.Ганчимэг, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн П.Батхуяг, Монголын чөлөөт зохиолчдын холбооны тэргүүн Ж.Байгальсайхан, "Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Даваасүрэн нар оролцов.


Холбоотой мэдээ