Цар тахалтай тэмцэхэд шаардлагатай 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-25 18:03:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх ажилд шаардлагатай 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг батлав.


Уг нэмэлт төсвөөс гэрээр хянах, тандан судлах ажилд 23 хоног дайчлагдан оролцох 773 резидент эмч, 227 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хоол, бичиг хэрэг, ариутгал, халдваргүйтгэлийн бодис олгоход 3.9 тэрбум төгрөг зарцуулна.


Мөн дотоодын хавьтлын улмаас тусгаарласан иргэдийн байр, хоолны зардалд 874 сая төгрөг, нийслэлийн дархлаажуулах 84 цэгт ажиллаж буй мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодист 50 сая төгрөг зарцуулахаар болов. 


БНХАУ-аас цар тахлын эсрэг вакцин тээвэрлэн авч ирэх тээврийн зардалд 276 сая төгрөг шаардлагатай байгааг Шадар сайд С.Амарсайхан хуралдаанд танилцуулсан. 


Хуралдаанаар, дээрх шаардлагатай төсвийн 3.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, хоёр тэрбум төгрөгийн зардлыг Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэж, Шадар сайд болон Сангийн сайд нарт зөвшөөрөл олголоо.

Холбоотой мэдээ